2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУН ТА АЖЛАА ХИЙНЭ ҮҮ
Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч, зөвшөөрөлгүй хайрга дайрга олборлох үйл явц амь бөхтэй оршсоор байна. Хан-Уул дүүргийн иргэдээс  хайрга, дайрга олборлож, ундарга усыг бохирдуулж байгааг төрийн зүгээс цэгцлэхийг хүссэн өргөдлийг Төрийн байгууллагуудад мянга мянгаар нь хаяглан ирүүлж байна.

Уг нь Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ч  хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.  Үүнтэй холбогдуулан өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл "Туул голын хамгаалалтад авах хуулийг санаачилж, батлуулах шаардлага байна. Туул гол бохирдож, ус нь ширгэж байна. Улаанбаатар хотын 97.5 хувийг ундны усаар хангаж байгаа. Туул голыг тойрсон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хайрга авахыг хориглосон боловч харамсалтай нь хулгайн замаар тээвэр үргэлжилсээр байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд энэ асуудлыг удаа дараа тавьсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар огт арга хэмжээ авахгүй байна. Яагаад Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлож байгаа, Туул голыг бохируулж байгаа, усыг ширгээхэд хүргэж байгаа аж ахуй нэгжийг хамгаалаад байна вэ?  Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунд хариуцлага тооцох асуудлыг Өргөдлийн байнгын хороо гаргаж тавих ёстой”гэлээ.

Ийнхүү төрийн нэг байгууллагаас гарсан шийдвэрийг нөгөө байгууллага нь хэрэгжүүлж, хяналт тавихгүй байгаа үйлдэлдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан ямар тайлбар өгөх вэ? Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буйг хянаж ажиллах нь танай байгууллагын үүрэг гэдгийг сануулах нь илүүц биз
П.ГОО
Оллоо.мн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.