2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Нийслэлчүүд зэвэнд идүүлж байна

Японы “Кюүшюү” их сургуулийн профессор Такаши Мацүмата чих дэлдийж, сэтгэл сэртхиймээр айхтар мэдээ дуулгаадахав. Тэрбээр Улаанбаатарт ирж, бидний ундандаа хэрэглэж буй усны чанарыг шалгажээ. Санамсаргүй түүвэрлэсэн 49 цэгээс дээж авч, шинжлэхэд нэг нь л олон улсын шаардлагад нийцсэн байх юм. Бусад дээжийн шинжилгээний хариу тун тааруу гарч, бараг л ууж болохгүй хэмээв. Бидний ууж буй ундны усан дахь төмрийн агууламж хэт өндөр, үүний улмаас өвчлөл нэмэгдэж байгааг судалгаандаа үндэслэн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, бидний ууж буй ундны усыг бараг л хор гэв.

 ГАЛ ДЭЭР ТОС НЭМЭГЧ

 Монголын гурван сая иргэний тал нь оршин суудаг Улаанбаатарын ундны усны эх үүсвэр нь гүнийх. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд угаасаа төмрийн агууламж өндөртэй ус хэрэглэдэг аж. Гүний усыг айл өрхүүдэд хүргэж буй шугам нь харин эртнийх. “Улаанбаатар дулааны сүлжээ” компани, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынхнаас авсан мэдээллээр нийслэл дэх ус дамжуулах шугам, хоолойн дийлэнх нь 15- аас дээш жилийн настай гэнэ. Угаас төмрийн агууламж ихтэй усыг зэвэрсэн хоолойгоор дамжуулсны уршгаар хотынхны эрүүл мэндэд ноцтой аюул учирсан гэсэн үг. Ёстой л гал дээр тос нэмсэн хэрэг болжээ.

Профессор Такаши Мацүматагийн хэлснээр бол япончууд усны чанартаа хуулиар стандарт тогтоожээ. Ингэхдээ усан дахь төрмийн нэгдлүүд хамгийн ихдээ 0.3 ppm байж болно хэмээн тусгасан байна. Оршин суугчдаа цэвэр усаар хангадаг байгууллагууд чанарт нь гойд анхаарч, төмрийн агууламжийг хэзээ ч үүнээс хэтрүүлж байгаагүй гэсэн. Аль болох эко материалаар хийсэн хоолой суурилуулж, түүнийгээ ойр ойрхон ариутган цэвэрлэдэг гэнэ.

Гэтэл манайд эсрэгээрээ, усны чанар ямар байгааг тоодог хүн ч бараг байхгүй. Иргэд ч үүнд хэдийнэ дасаад, крантны зэвийг арилтал усаа гоожуулан хэрэглэж заншив. Дээрх профессорын хийсэн судалгаагаар Улаанбаатарын ундны усны төмрийн агууламжийн дундаж нь 1.75 ppm байжээ. Зарим хэсгийн, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийнхний хэрэглэж буй усны төмрийн агууламж 0.1-3.75 ppm-ээр хэлбэлзэж байсан гэнэ. Тухайн дүүрэг дэх орон сууцнууд хуучных, тэдэнтэй нас чацуу дамжуулах хоолой нь хэдийнэ муудаж, энд тэндгүй нөхсөн учир усны чанарыг дордуулдаг ажээ.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгээс дамжуулах хоолойн аюулгүй байдлын талаар лавлахад “Манай шугам зэврэх ёсгүй. Өндөр даралттай ус шахдаг учраас тэр. Бид эх үүсвэрээсээ өглөө бүр дээж авч, шинжилдэг. Хэрэглэгчдэд хүргэж буй усны чанар стандартаас гаждаггүй” гэсэн юм. Түүний хэлснийг эрдэмтэн, судлаачид үгүйсгээгүй. Харин орон сууцны хотхон, хороолол доторх хоолойд “но” элбэг гэдгийг хэлсэн.

КРАНТНЫ “КОЛА”-Г ХЭН Ч ТООДОГГҮЙ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Таван шар орчмын айлуудын крантнаас “кола” байнга урсдаг талаар оршин суугчид нь хэлэв. Баянзүрх дүүргийн нутаг дахь, ашиглалтад ороод удаагүй “Зүүн хүрээ” хотхоныхон тэдэнтэй ижил зовлонтой гэсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс авхуулаад сургууль, цэцэрлэгийн крантнаас ч зэвтэй ус гардаг гэж холбогдох албаныхан хэлж байна.

Тэд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынханд хандахаар огт тоодоггүй. Харахад л ойлгомжтой байхад “Цэвэр” гэсэн дүгнэлт гаргаад л сууж байдаг юм” гэж ярьсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийнхэн ч “Зэвтэй усны талаарх гомдол гардаг. Шугам зэвэрсэн учраас тэр шүү дээ. Аль нэг байгууллага, хэн нэгэн албан тушаалтныг буруутгах биш, бүгдээрээ хамтраад ус дамжуулах хоолойг засах шаардлагатай байгаа юм. Түүнээс биш бурууг өөрсдөөсөө холдуулж, бусдадаа нялзаах ёсгүй” гэж учирлана лээ.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынхан айл өрхөд ус хүргэж буюу сүүлийн дамжлага болсон ийм шугамыг засаж, сайжруулах үүрэгтэй. Тэд жил бүр урсгал засвар хийж, хуучирсан шугамыг сольдог. Харамсалтай нь, зарцуулах төсөв нь өчүүхэн болохоор зэвэнд идүүлсэн шугамуудаа цөмийг нь сольж чаддаггүй аж. Өнөө жил л гэхэд арав хүрэхгүй тэрбум төгрөгийн төсөвтэй, түүгээрээ улаан гэрэл асаасан шугамуудаа сольсон гэнэ. Анхааруулга өгсөөр байгаа зарим шугамаа “Дараа жил сольё” хэмээн хойшлуулаад, угаасан гэнэ лээ. Нүд хуурсан энэ ажил үр дүн авчрахгүй нь ойлгомжтой биз ээ. Өдгөө Таван шар, Х болон III, IV хороолол, Бөхийн өргөө орчмын орон сууцнуудын ус дамжуулах хоолойг даруй солих шаардлага тулгараад байгаа гэсэн.

ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР, ЭЛЭГНИЙ ХАТУУРЛЫН ШАЛТГААН НЬ УУЖ БУЙ УСТАЙ ХОЛБООТОЙ

Төсөв, хөрөнгө нь хангалтгүй, ундны ус дамжуулж буй бүх шугамыг сольж чадахгүй байгаагаас нийслэлийн иргэд яаж хохирч байна вэ. Хүний биед төмөр дутагдвал цус багадаж, толгой эргэх зэрэг эхний зовиур илэрдэг. Тиймээс жирэмсэн эмэгтэй болон цус багатай хүмүүст төмрийн бэлдмэл уухыг эмч нар зөвлөдөг билээ. Тэгвэл хүний бие дэх төмрийн хэмжээ хэтэрвэл үүнээс ч илүү уршиг тарьдаг аж. Ийм усыг байнга уувал үе мөч нь өвдөж, нойр булчирхай нь үрэвсдэг гэнэ.

Цаашлаад дотоод шүүрлийн эрхтэн гэмтэж, судас нарийсаж, элэг хатуурдаг аж. Тэр байтугай цусан дахь төмрийн агууламж ихэсвэл хеликобактери үржих таатай орчин бий болдог гэсэн. Анагаах ухаан хөгжиж, эрхтэн суулгадаг үед амьдарч байхад энэ зэргийн өвчин яах вэ гээд тоолгүй өнгөрмөөр санагдаж байгаа биз. Тийм биш. Хорт хавдраар нас барж буй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан тоон мэдээнээс харж болно. Ялангуяа ходоодны хорт хавдрын илэрц нэмэгдэж, нас баралтын шалтгааны хоёрдугаарт жагсаж байгааг хэн ч ойлгохоор тодорхой бичсэн байгаа.

Тэгвэл төмрийн агууламж өндөртэй ус ходоодны хорт хавдраар өвчлүүлэхдээ гаргууд ажээ. ХСҮТ-ийн ийм байх магадлал өндөртэй гээд “Сүүлийн жилүүдэд ходоодны хавдартай хүмүүс хандах нь ихэссэн. Ходоод тайрах мэс ажилбар тогтмол хийдэг боллоо. Хүн юу идэж, ууж байна, тэр нь шууд ходоодонд очдог болохоор төмрийн агууламж ихтэй ус нөлөөлсөн байх магадлалтай” гэсэн юм.

Үүнээс гадна цусан дахь чихрийн хэмжээ төмөр илүүдсэнээс үүдэлтэй аж. Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн нас улам залуужиж байгаа нь үүнтэй холбоотой гэсэн үг. Профессор Такаши Мацүмата чихрийн шижингээр өвчилсөн монгол хүмүүсийн цусны дээжийг Европт шинжлүүлэхэд 100 хүн тутмын 16-гийнх нь төмрийн хэмжээ 1000 мг-аас давсан байжээ. Зэвтэй ус аюулын харанга дэлдсэний нотолгоо энэ.

Төмөр их хэмжээгээр агуулсан ус ууж, мах иддэг монголчууд дамжуулах хоолойн тусламжтай дотроосоо зэвэрч буйг энүүхнээс мэдэж болохоор. ШУТИС-ийн багш нарын хэлснээр богино хугацаанд зэвэрдэггүй хоолой тавих боломж бий гэнэ. Үүнийг оюутнууд нь ч мэддэг юм билээ. Гэтэл манайхан хөрөнгө, мөнгөндөө гар татаж, насжилт багатайгаар сольдог. Жил бүр л газар сэндийлж, хоолой сольсны үр дүн гарч байгаа, эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй биз, дарга нар аа. Бас цусан дахь ферритиний хэмжээгээ тодорхойлуулаад үзээрэй. Хэвийн хэмжээнээс илүү байх нь дамжиггүй гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна билээ.


Бэлтгэсэн: Г.Цэцэг

http://unuudur.mn/article/108272

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.