2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог хар жагсаалтад орууллаа

“Ардчилсан тогтолцоог нурааж байна” гэх үндэслэлээр АНУ даваа гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг хориг арга хэмжээ авч, түүний Америк дахь бүх хөрөнгийг битүүмжилжээ.

Үндсэн хуулийг шинэчлэх ажлыг хариуцах 545 суудалтай Үндсэн хуулийн Ассамблейн гишүүдийг сонгох сонгуулийг Н.Мадурогийн засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ням гарагт хийсэн юм. Ийм сонгууль хийхийг эсэргүүцэн тус улсын ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийх үеэр олон тооны хүн амь үрэгдсэн билээ. Гадаад улс орнууд, тэдгээрийн дотор АНУ энэ сонгуулийг эсэргүүцэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан юм.

Н.Мадуро бол хориг арга хэмжээнд өртсөн гадаад улс орны анхны удирдагч биш.

Энэ оны нэгдүгээр сарын 17-нд, 1995 онд байгуулсан Дейтоны энхийн хэлэлцээрийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр Бүгд Найрамдах Серб Улсын Ерөнхийлөгч Милорад Додикийн эсрэг Вашингтон хориг арга хэмжээ авсан юм.

2016 оны долдугаар сарын 16-нд, хүний эрхийг зөрчиж байна гэх үндэслэлээр АНУ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон бусад улс орны 22 өндөр дээд албан тушаалтан, байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.

2014 оны тавдугаар сарын 13-нд, хүчирхийлэлд турхирч, хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын таван улс төрчийн эсрэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа хориг арга хэмжээ авч байв.

2011 оны тавдугаар сарын 18-нд, мөн хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр АНУ Ойрхи Дорнодын Сири улсын Ерөнхийлөгч Башар Аль Асадыг эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд, Зүүн Африкийн Кот-Дивуар Улсын нөхцөл байдлыг улам бүр дордуулсан гэх үндэслэлээр тус улсын удирдагчдын эсрэг Европын Холбоо хориг арга хэмжээ авч байжээ.

2006 оны гуравдугаар сарын 24-нд, Европын Холбоо Беларусийн эрх баригчид, тэдний дотор Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авсан.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.