2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио тинто”-той ширээний ард суух уу

-МОНГОЛЫН ТАЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНЭЭС ИРЭЭДҮЙД ОЛОХ АШГААСАА 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТӨЛӨХӨӨР ШИЙДСЭН-

Оюутолгойн гэрээтэй холбоотой баривчилгаанууд ар араасаа цуварч байгаа энэ цаг мөчид нэг л асуулт нэхэгдэх нь ойлгомжтой. Тэр бол “Оюутолгойн санхүүжилтийн гэрээг эргэн хөндөх үү” гэдэг асуулт юм.

Учир нь УИХ-аас Оюутолгойн санхүүжилтийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир томилогдсон. Тэрбээр “2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш үндсэндээ есөн жил өнгөрсөн байна. Иймээс гэрээг бүхэлд нь шалгах нь зүйтэй. Энэ хугацаанд хичнээн ч улс төржиж, хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярив. Тэгэхээр энэ бүгдийг шалгана. Энэ гэрээнд Монголд хохиролтой заалт байгаа бол засах нь зүйтэй.Ажлын хэсэг шалгалтаа хийчихээд дүгнэлтээ гаргаад, УИХ-д танилцуулна. УИХ хэлэлцээд, уг асуудлаар гэрээний ширээний ард суулгах юм уу, үгүй юу гэдэг УИХ-ын эрх мэдлийн асуудал” хэмээн хариулсан байдаг.

Үүнээс үзвэл Оюутолгойн гэрээнд бүхэлд нь шалгалт оруулах бололтой. Шалгалтаар Оюутолгой компанид Татварын ерөнхий газраас тавьсан 155 сая ам.долларын татварын акт зэрэг яригдаад буй бүхий л асуудлыг хамааруулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргахаас хамаарч УИХ хэлэлцэж шийдвэрлэх юм.

Нөгөө талаас “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак энэ оны эхээр Монгол Улсад ирэх үеэрээ хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн” гэх товч бөгөөд тодорхой хариулт хэлсэн. Гэрээг эргэн харах асуудал байхгүй гээд, цаашид урт хугацаанд Оюутолгойн үйл ажиллагааг тогтвортой байлгах асуудлыг ч хөндөөд амжсан. Энэ нь нэг талдаа нэгэнт хөдөлсөн галт тэргийг гэнэтхэн зогсоож, чиглэлийг нь өөрчлөх боломжгүй гэх утга дайж буй юм.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ХӨНДВӨЛ БИД АРБИТРТ ДУУДАГДАХ УУ-

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хөндөж ширээний ард суух шаардлагатай гэж дүгнээд УИХ-аар хэлэлцлээ гэж бодъё. Бидэнд гэрээнд өөрчлөлт оруулах эрх бий юу. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Гэрээ дуусгавар болох гэсэн хэсэгт дараах нөхцлүүдийг тусгажээ.

-Гэрээний хугацаа дууссан болон хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд;

-Хөрөнгө оруулагч Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээг бусдад шилжүүлсэн тохиолдолд Засгийн газар Хөрөнгө оруулагчид гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн;

-Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;

-Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон Эрдэс, баялаг эрчим хүчний сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын нэг зуун хорин (120) өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд;

Гэрээнд заасан үндэслэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд” хэмээжээ. Энд Хөрөнгө оруулалтын гэрээнд “ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ” гэсэн заалт байхгүй.

Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой МАРГААН гарсан тохиолдолд уг гэрээний Маргаан шийдвэрлэх гэсэн хэсэгт “Гэрээний төсөлд аливаа маргааныг талууд аль болох харилцан тохиролцож, талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй бол маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан НҮБ-ын Олон улсын худалдааны комиссын Арбитрын дүрмээр тодорхойлсон журмын дагуу шийдвэрлүүлнэ” хэмээн заасан байдаг аж.

Тэгэхээр Монголын талаас Оюутолгойн гэрээнд өөрсдөд ашигтай байдлаар өөрчлөлт оруулъя гэдэг саналаа тавибал “Рио Тинто” хүлээж авах нь юу л бол. Анхнаасаа “чөдөртэй морь” шиг байх гэрээнд бид нэгэнт гарын үсгээ зурчихсан.

-ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ НЭРИЙДЛЭЭР ДАХИН С.БАЯРЦОГТУУД 
ГАРЧ ИРВЭЛ ЯАХ ВЭ-

МАН-ын үед Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талд ашигтай хувилбар гаргаж ирье хэмээн зориг гаргаж болох л юм. Магадгүй нөгөө яриад байдаг Монголын тал 34 хувиасаа татгалзаж роялтигаа 20 хувиас доошгүй болгох, түүнээс орж ирсэн хуримтлалаа ирээдүйн хөгжилдөө зарцуулах гэх зэрэг хувилбараа дэвшүүлж болох л юм. Үнэхээр өөрчлөлт оруулж чаддаг юм бол түүхийн хуудаснаа алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдал болох нь ойлгомжтой. Гэхдээ гэрээг сайжруулах нэрээр хэдэн оффшортон төрүүлж, дахин нэг Баярцогтын түүх давтагдвал яах вэ гэх хардлага үүсэх нь маргаангүй.

Учир нь өнөөдөр Оюутолгойд 14 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж буйгаас 94 хувь нь монголчууд. Оуютолгойн ханган нийлүүлэгчдийн тоог нэмбэл Монгол дахь хамгийн том хувийн хэвшил болно. 2017 оны дүнгээр 1.7 тэрбум ам.долларын худалдан авалтыг дотоодын компаниудаас хийсэн. Үүний дотор 1.4 тэрбум ам.долларын гэрээг гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй Монголын ханган нийлүүлэгчидтэй байгуулсан. Тиймээс энэ нь Монголын эдийн засагт шууд орж ирсэн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Мөн 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын татвар төлснөөс гадна үүн дээр худалдан авалтын мөнгөн дүнг нэрлэж болно. Үүний цаана байгаа эдийн засгийн эргэлт, ханган нийлүүлэгчдийн бий болгож буй ажлын байр гээд дам нөлөөнүүдийг ч дурьдахгүй өнгөрч болохгүй. Өмнө нь Оюутолгой долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.доллар зарцуулсан. Нийт массаар нь ярихад манай улсын эдийн засгийн гол хөшүүргүүдийн нэг учраас энэ том стратегийн ордтой холбоотой асуудалд бид гоомой хандаж болохгүй.

Иймд нэгэнт олон жил яригдсан гэрээний асуудал руу УИХ-аас ажлын хэсэг гаргаж ханцуй шамлан орж, цаашлаад гэрээний асуудал хөндөгдөхдөө хүрвэл Монголын талаас гэрээг хэрхэн сайжруулах, аль аль талдаа хохиролгүй нөхцөл байдлыг олон улсын түвшинд сайн судалж байж орох нь зүйтэй.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар “Рио Тинто”-той ширээний ард суухдаа хүрсэн бол энэ нь зөвхөн Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байх ёстой болохоос хэн нэг дарга, сайд, намд ашигтай өөрчлөлт байх ёсгүй юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дүгээр хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг.

Ц.ТАМИР

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.