2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан

Одоогоос гурван жилийн өмнө гэр бүл судлаач, хуульч Л.Нарантуяаг урьж “Хүн байхын учир” лекцийг охиныхоо ангийн хүүхдүүдэд уншуулж байлаа. Тэрбээр, хүн байх гол утга учрын талаар түлхүү өгүүлснээс гадна гэр бүл гэдэг нь хамгийн үнэ цэнэтэй зүйл болохыг олон давтан хэлж байсан юм. Тухайн үед миний бие насанд хүрээгүй хүүхдүүдэд гэр бүлийн үнэ цэнийн талаар ярьдаг нь ямар учиртай юм бол гэж гайхаж байснаа нуухгүй. Гэтэл одоо энэ бүхнийг эргэн санахад гэр бүл судлаачийн үг алсыг харсан, хүүхдүүд ирээдүйд бүгд эцэг эх, гэр бүл болно гэдгийг ухааруулж байсан байх юм.

Энэ утгаараа гэр бүлийн үнэ цэнийг хүүхэд байхаас нь ойлгуулж, ухааруулж байвал амьдралд алдахгүй, хамгийн зөв, чухал алхмыг цаг ямагт хийнэ гэдэгтэй санал нэгдэж байна. Уулзалтын үеэр хүүхдүүд гэр бүлийн таатай уур амьсгал, хичээлдээ амжилт гаргах боломж, үерхэл нөхөрхөл, дурлал шохоорхол гээд олон зүйлийн талаар асууж илэн далангүй ярилцсан юм. Гэр бүл судлаачийн үгийг сонссон тэд ямартай ч мэргэжлээ сонгох, олны дунд биеэ зөв авч явах гээд олон зүйлийн талаар мэдлэг хуримтлуулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь хүүхэд, залуус гэлтгүй бүх насныхан ямар нэгэн сургалтад хамрагдаж, тархи толгойгоо бага ч гэсэн цэнэглэж байвал нийгэм дэх олон эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж чадахыг өдөр хоног өнгөрөх тусам нийгмийн уур амьсгал, дүр зураг сануулсаар байна.

Ирэх сарын 1-нд дэлхий нийтээр Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-тэй тэмцэх олон улсын өдөр тохионо. Энэ өдрийг угтаж эмч, мэргэжилтнүүд энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, хүмүүсийг эрүүл мэндийн боловсролын мэдээллээр байнга цэнэглэж байхыг онцолсон. Манай улсад 1992 онд анх удаа ДОХ-ын вирусийн халдвар илэрч түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ талаар тасралтгүй мэдээлж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг “2016 онд бүртгэсэн нийт халдварт өвчний 30 орчим хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ-тэй 249 хүн бүртгэгдсэн. Халдвартай хүмүүсийн 60 орчим хувь нь 20-44 насныхан байна. Улсын хэмжээнд ДОХ-ын вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хйидэг. Хэрэв өөрийгөө эрсдэлтэй гэж үзвэл халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжтой. 2017 он гарснаас хойш ДОХ-ын халдвартай эхчүүдээс төрсөн 19 хүүхэд эрүүл бойжиж байгаа. Шинжилгээгээр бүх хүүхэд ХДХВ-ийн халдваргүй болох нь батлагдсан. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80 хувь эрэгтэйчүүд байгаагийн 80 хувийг бэлгийн цөөнх эзэлж буй. ДОХ-ын шинжилгээнд жилд дунджаар 400 мянга орчим хүн хамрагдаж, улсын хэмжээнд 80 гаруй цэгт шинжилгээ хийдэг” гэлээ. Бэлгийн халдварт өвчинтэй холбоотой тоо баримт цухас дурдахад ийм байна.

Одоогийн байдлаар ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгджээ

Шинжилгээнд 400 мянга гаруй хүн хамрагддаг

Энэ онд ХДХВ-ийн халдвар авсан 24 иргэн бүртгэгдэв

Улсын хэмжээнд 80 гаруй цэг дээр шинжилгээ хийж байна

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 56 хувь нь 20-44 насныхан байдаг

Ингээд энэ мэдээллийг бид олонд яаж хүргэх талаар хүмүүсийн санал бодлыг сонслоо. Бэлгийн чиг баримжаа, хүний эрхийн тухай дуу хоолойгоо байнга илэрхийлдэг “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж нэгнээ ойлгох, хүндэтгэх, эерэг зан чанар нийгэмд өгүүлэгдэж буйг сэтгэл түгшин өгүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны эмч П.Түмэндэмбэрэл “ДОХ-ын халдвар авлаа гэж хэвлэл мэдээллээр шуугихын оронд урьдчилан сэргийлэх мэдээллийг түлхүү хүргэж, хүн хүнээ хайрлах, энэрэх сэтгэлийг нийгэмд бий болгомоор байна” хэмээн хүн чанарын сэтгэлээ илэрхийлсэн. Харин халдвартай хүний эрх, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай вирус тээгч А.Н “Дэлхий даяар ДОХ-той хүнийг хос болж амьдрахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ өвчинд нэрвэгдэх гол шалтгаан нийгэм дэх хэтэрхий их ядуурал, архидалт, олон өдөр дараалсан баяр ёслол болж байна. Би энэ өвчнөөр өвдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Миний бие одоо сайн байгаа. Цаашдаа хүүхэдтэй болохыг хүсч байна. Үр удмаа үлдээх нь хүн бүрийн хүсэл байдаг. Хэдий би халдвартай ч эерэг мэдээлэл хүмүүст өгөхийг хичээдэг. Эерэг зөв мэдээлэл амьдралд эрч хүч нэмдэг” гэж өөдрөг бодол өвөрлөн хэлсэн юм. Тэгэхээр бид энэ өвчний талаарх тоо баримтыг тоочихдоо бус, хүн байхын утга учрыг ойлгочиход л амьдрал зөв голдирлоороо явах юм шиг ээ. Тэгээд ч надад дээрх хүмүүстэй уулзаад ярилцаж байхад “Зөв хүн байхын учир зөв мэдээлэлд оршдог” гэсэн ганцхан ойлголт илүү тов тодорхой мэдрэгдэж байлаа.

Энэ бүхний эцэст нэмж хэлэхэд, гэр бүлийн бат бэхийг холбосон зөв хүн байхын утга учрыг хүүхэд байхаас нь таниулж эрүүл мэндийн боловсролын хичээлийг цэцэрлэг, сургуульд нь зааж, сургаж байвал ядаж л ДОХ хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно. Мэдээлэл сайтай хүн зөв алхам хийхээс гадна оновчтой шийдлээр өөрийгөө хүрээлүүлж юунаас ч хамгаалж чадна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

 

Б.Даариймаа

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.