2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Шатахууны татварыг тэглэлээ, талхны үнэ буух уу?

Шатахууны компа­ниу­дын шантаажны үр дүнд төр засаг, ард түмэн шалдаа буув. Ард түмнийг хэдхэн өдөрт “балга” бензинээр боосны  эцэст шатахууны онцгой албан татварыг тэглэлээ. Гэхдээ шатахууны компаниудын “буян”-ыг худалдаа эрхлэгчид давхар эдэллээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөний дотор өдөр болгон худалдаж авдгаар нь  талхны үнэ нэмэгдсэнийг иргэд хамгийн их мэдэрч байна. Такси ч дагаад км нь 1000 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэнийг хэн хүнгүй ярьж буй. Одоохондоо үнэ өссөнийг нь мэдэрч байгаа нь талх, такси хоёр. Удахгүй олон бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг анзаарах биз.

Тэгвэл дөрвөн есийн жаварт унах унаагүй, дээр нь ШТС-т дөрвөн өдөр ч  дугаарлаж чадахгүй бухимдсан иргэдийн шахалтаар төр шатахуун импортлогчидтой хэд хэд уулзсаны эцэст  бууж өгсөн. Татвараа тэглүүлсэн шатахууны компаниудад өөр зүйл хэрэггүй. Одоо  додигор байгаа. Бөөн бөөн ашиг хүртэнэ. Гэтэл шатахуун импортлогчдын дүйвээр гурил будаа, талхныхаа үнийг нэмсэн худалдаа эрхлэгчидтэй хэн хэлэлцээ хийх вэ. Мэдээж төр засаг 100 төгрөгөөр нэмэгдсэн талхны үнэд анхаарах сөхөөгүй байгаа. Тиймээс ард иргэд л хохироод үлдэх нь. Жилийн жилд иймэрхүү зураглал давтагдаж дунд нь жирийн иргэд хохироод үлддэг жамтай. Үүнийг хэр сайн ашиглахаа худалдаа эрхлэгчид мэдчихээд анаад байж байдаг гэнэ лээ. 3-4 компанийн эрх ашгийн төлөө шатахууны татварыг тэглэсэн юм чинь гурван сая иргэнийхээ төлөө талх, таксиныхаа үнийг буулгаач, түшээд ээ.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.