2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Мэдэгдэл: Шүүгч Д.Чанцалнямыг албан тушаал, эрх мэдлэж урвуулан ашигласан хэмээн АТГ, Шүүхийн Ёсзүйн хороонд хандав

МҮБХ-ноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Чанцалнямыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржготов овогтой Чанцалням нь шүүхээс хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж гомдол гаргасан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан нарын гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж МҮБХ-ныхон үзжээ.  Тодруулбал, шат шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарын тамга тэмдэгийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Б.Бат-Эрдэнэ нар нь шүүхийн шийдвэрийг зөрчин, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан байтал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь тэдний гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн байна.

Ингэхдээ мөн Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 54.1.3, 54.1.5-ыг заалтыг ч зөрчжээ. Тодруулбал, 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй байгаа. Төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан тохиолдолд шүүгч уг нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байдаг аж. Гэтэл Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь төлөөлөх эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авсан, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг хүлээн авч хууль зөрчин хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад зогсохгүй  АТГ-т шалгуулахаар ханджээ. Мөн шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн Шүүхийн Ёсзүйн хороонд хандсан байна. Ингээд гомдол болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.