2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Махны үнэ “галзуурч” байна

Буянт сүргийнхээ үр шимээр харангадахыг үзэлгүй өдий хүрсэн монголчууд малынх нь тоо толгой бүх цаг үеийн дээд цэгт хүрсэн энэ үед хоосон хонож мэдэх нь. 

Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн Монголын ард түмэн үмх мах авч дийлэхээ болиход хүрлээ. Малын сааль сүү, тарга хүч буурч, үнэ өртөг нь тэнгэрт хаддаг хахир хаварт айл өрхийн хүнсний үндсэн хэрэглээ болох махны ханш магнагт хүрч, иргэдийн хэтэвчийг сэгсэрч байна.

Энэ долоо хоногийн байдлаар худалдааны зарим төвд үхрийн цул махны жижиглэнгийн үнэ 13 мянган төгрөгт хүрч, нийслэлчүүдийг алмайруулав. Хүнсний захуудаар хэдэн төгрөгтөө тааруулан хямдхан мах олчих санаатай иргэд горьдлого тээсэн нүдээр лангуунуудыг ширтэх нь өрөвдөлтэй.

Гэвч махны худалдаачид үнэ ханшаа буулгах янзгүй ширэв татаж, авбал ав, больбол боль хэмээнэ.

ХАНШ, ЭКСПОРТ УРАЛДСАН НЬ

Жил бүрийн хавар махны ханш өндөлздөг нь ёс мэт болсон ч энэ жилийнх шиг ингэтлээ галзуурч, иргэдийн худалдан авах чадвараас хол түрүүлж байсангүй. Урд хөршид мал амьтны халдварт өвчин дэгдэж, бидний олон жилийн мөрөөдөл байсан мах, махан бүтээгдэхүүний экспорт огцом өндийсөн өнгөрсөн намраас эхлээд Монголд махны үнэ магнагт гарлаа. 2018 онд Монгол Улс 54.9 мянган тонн мах экспортолсон нь ойрын жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлж буй. Ингэснээр махны экспортоос 160 орчим сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ. Өнгөрсөн онд махны экспорт дээд цэгт хүрлээ хэмээн дарга нар баярлаж байх зуур оройн хоолоо арай ядан залгадаг жирийн иргэд үмхэх махгүй гундуухан хоногийг өнгөрөөнө. Махны экспорт дарга нарт “инээд”, иргэдэд “ханиад” дагуулжээ.

Энэ хавар үнэ ханшийг өсгөхгүйн тулд нөөцийн ахиу мах бэлтгэхээ өнгөрсөн намар яамны сайд дарга нар амлаж байв. Гэтэл одоо хаврын дунд сар аль хэдийн гарчихаад байхад бэлтгэсэн гэх нөөцийн мах нь өнөөг хүртэл хэрэглэгчдийн гарт ирээгүй, үнийн өсөлтөд иргэд нуруугаа бөхийлгөж байна.

Нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улс сүүлийн 30 орчим жилд дотоодын махны нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлээгүй. Жил жилийн өвөл, хавар махны нийлүүлэлт тасарч, олдоц хомсох нь түгээмэл. Гэвч нийслэлчүүд толгой өвтгөлгүйгээр махаар хангачихаж чаддаггүй атлаа саваагүй нохой саранд хуцахын үлгэрээр малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортолж, валют олчих хүсэлтэй.

Уг нийтлэлээр Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийн нэг найдвар, орлогын ирээдүйтэй эх үүсвэр болсон махны экспортыг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү хүн амаа хүнсээр хангаж, хилийн чанадыг чиглэх экспортоо зохицуулахад төрийн мэргэн бодлого, төлөвлөлт дутагдаж, үгүйлэгдсээр буйг сануулах гэсэн юм.

БИД "ГЭРИЙН ДААЛГАВРАА" ХИЙГЭЭГҮЙ

Монгол Улс малынхаа махыг мөнгө болгоно гэж хэчнээн жил ярьж байгаа билээ. Зах зээл үүдээ нээвэл, хойд, өмнөд хөрш хяналтаа сулруулвал бид махаа экспортлоход бэлэн хэмээн албаныхнаас эхлээд бизнес эрхлэгчид хэчнээн ярив. Гэтэл ярихаас хэтрээгүйг нь махны экспорт огцом өссөн энэ хэдхэн сар харуулав. Өнгөрсөн 30 орчим жил махны экспортоо өсгөнө гэж дээр, дооргүй дэвхцэж, хоосон хэлэлцэхээс өөр юу хийв. Өнөөг хүртэл малаа бүрэн эрүүлжүүлж чадаагүй. Малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо ч бүрэн бүрдээгүй. Ялангуяа, сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчний өмнө Монгол Улс өвдөг сөхөрсөн. Малын гоц халдварт шүлхийг өнөөг хүртэл дараагүй, өнгөрсөн хоёрдугаар сард Монгол орны зүүн хязгаараас хүртэл илэрсэн.

Социалимзтай хамт нуран унасан мах бэлтгэлийн тогтолцоо өнөө хэр сэргэсэнгүй. Махны нийлүүлэлтээ сайжруулж, малын гарцыг нэмэгдүүлэх, малаа эрүүлжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг “гэрийн даалгавраа” хийхэд төр ч, малчид ч цаашлаад хувийн хэвшил ч хуруугаа огт хөдөлгөсөнгүй. Харин ч хоосон тооцоо бодож, худал цэцэрхэхээс өөрийг үл хийсэн нь биднийг гэдэс алдахад хүргээд байна.

Австрали улс махнаас Монголын нүүрсний экспорттой дүйх орлого олдог

Гэтэл дэлхий хүнсний чанарын босгоо улам өндөрсгөсөөр байна. Энэ босгыг давахын тулд улс орнууд дор хаяж 30 жил бэлтгэн хийж, олон улсын махны зах зээлд хөл тавьж байна. Наад зах нь дотоодын махны нийлүүлэлтээ толгой өвдөлгүй хангаж, малаа бүрэн эрүүлжүүлснийхээ дараа дэлхийд нийлүүлдэг.

Эрдэс түүхий эдийн нийлүүлэлтээр бидний урд гишгэдэг Австрали улс дэлхийн малын махны зах зээлийг тэргүүлэгчдийн нэг. Дэлхийн үхрийн махны экспортыг АНУ, Бразилтай хуваан эзэмшдэг энэ улс аль 1980-аад оноос махны экспортоо нэмэгдүүлэхээр бэлтгэж эхэлсэн байхад хөдөө аж ахуйн гүрэн гэгддэг Шинэ Зеланд 1990 оноос энэ салбараа эрс шинэчилсэн юм. Энэ хүрээнд хөдөө аж ахуйг чиглэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, малчдад татаас олгож, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн хүчин чадлаа цогцоор нь шинэчилсэн гэдэг. Ингэж олон арван жил мал аж ахуйн салбараа өөд татсаныхаа үр шимийг өдгөө эдгээр улс хүртэж буй. Австрали улс гэхэд махны экспортоос Монголын нүүрсний экспорттой дүйх хэмжээний орлого олдог.

Гэтэл бид ярихаас өөрийг өнгөрсөн жилүүдэд хийгээгүй атлаа хөлсөө урсгасан орнууд шиг үр ашиг хүртэхээр санаархаж байгаад ядарсан иргэдээ харангадахад хүргэлээ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг дэмжих нь Монгол Улсын тэргүүлэх зорилтын нэг. Өнгөрсөн намраас эхлээд Монголын ард түмнийг сөхрүүлсэн махны үнэ, ханшийг тогтоон барихад салбарын яам яаралтай алхам хийхгүй бол хэтэвчээ хэдийн сэгсрүүлж буй иргэдийн ходоод хонхолзвол нийгмийн тогтвортой байдал алдагдах эрсдэл бий. Ирэх саруудад дотоодын малын махны нийлүүлэлтээ бодлого төлөвлөлттэй хийхгүй бол төр махаа зарж хөлжөөд, ядарсан түмэн хоолны махгүй хоноглох нь.

ЗГМ сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.