2025 оны 01 сарын 19
Мэдээ, мэдээлэл
"Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд багтдаг"

Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, холбогдох яамдын сайд нар, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оролцов.

Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн парламентчдын бүлгийн Азийн бүлгийн дарга, Австралийн парламентын бүлгийн гишүүн Уоррен Энтшээс Монгол Улсын Их Хуралд хандаж “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн парламентчдын бүлэг”-т нэгдэхийг уриалсны дагуу УИХ-ын нэр бүхий 17 гишүүн нэгдэж, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийг 2018 оны 02 дугаар сард УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулсан юм.

Тус лобби бүлгийн ахлагч, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.

Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Номхон далайн бүсийн 37 орноос Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд багтаж байгааг дурдаад манай улсад жилд шинээр 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг 16-44 насны залуучууд эзэлж,  жилд дунджаар 250 гаруй хүн нас барж байгаа нь тун харамсалтай тоон үзүүлэлт болохыг онцолсон.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 200 ортой Сүрьеэгийн клиникийн эмнэлэг нийслэлийн хүн ам олноор төвлөрсөн, хотын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгоод байгаа аж. Мөн тус эмнэлэгт нэг өвчтөн 3-4 сарын хугацаагаар хэвтэж эмчлүүлдгээс орны эргэлт удаан, халдвар авсан бүх өвчтөнийг тусгаарлан эмчлэх боломжгүй, ачаалал ихтэй, хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, нөхцөл байдал ийм байгаа учир сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс сүрьеэ өвчний эмнэлзүйн хэлбэр, халдвар хяналтын олон улсын стандартад нийцсэн “Сүрьеэгийн эмнэлэг”-ийн барилгын зураг төсвийг хийхэд шаардлагатай санхүүжилтийг нэн даруй шийдэх нь зүйтэй байна гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөс зайдуу, ой модтой, нийтийн тээврээр очих боломж бүхий гурван га газар барилга барих газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж, барилгын ажилд шаардагдах төсөв, хөрөнгийг 2019 оны улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн эхэнд онцолсон.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй хэмээлээ. Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана гурав дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа  байгааг Ерөнхий сайд дурдаад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах асуудалд онцгой анхааран ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тухайлбал, эдгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулж, халдварыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилготой захирамжийг Ерөнхий сайдын хувьд гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.

Сүрьеэгийн эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй, нөхцөл хүнд байгааг үндэслэж юуны өмнө эмнэлгийн зургийг бэлэн болгох, цэвэр агаартай эрүүл орчинд эмнэлэг барих гурван га газрыг шийдвэрлэх талаар зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.

Түүнчлэн сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр ажиллах мэргэжлийн эмч, мэрг