2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
“Сайжруулсан шахмал түлшний шуудайн 10 хоногийн нөөцтэй”
"Таван толгой түлш" компанийн 25 килограммын түлш цэнхэр өнгийн зөвлөмжтэй, шинэ шуудайнд савлагдан иргэдэд хүрч байна. Шуудайны өнгө үсэг загварт бага зэрэг өөрчлөлт орсон боловч түлшний жин, чанар хэмжээ урьдын адил хэвээр байгаа гэдгийг тус компаниас мэдэгдсэн. Мөн иргэд түлшээ худалдан авахдаа жинлэж үзээд авч болно гэдгийг ч хэлж буй.

Энэ талаар тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас тодруулахад Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 686 цэгт 2800-3500 тонн сайжруулсан түлш тээвэрлэж, захиалгын дагуу төв үйлдвэр болон 30 хангамж дундын  баазад түлш дүүргэлт хийж байгаа.

Тухайлбал, нэг дундын баазад өдөрт 200 тонн орчим түлш нийлүүлж байгаа. Сайжруулсан шахмал түлшний шуудайны хомсдол үүсээгүй. Хүрэлцээтэй байгаа. Түлшний шуудайн дээр цэнхэр өнгийн анхааруулга, санамж нэмж хэвлүүлсэн. Шинэ шуудай нь өмнө нь савлаж байсан уутнаас 3-4 см зөрүүтэй ч түлшний жингийн хувьд багасаагүй. Түлшийг савлахдаа 25 килограмм байх стандартаа барьж байгаа” гэв.

Тус компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэл “Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг Хятад улсаас нэг компани нийлүүлж байсан. Өнгөрсөн 2020 онд дахин нээлттэй тендер зарлагдаж, дөрвөн компани оролцсоноос “Новотех интернэйшнл” гэдэг компани шалгарсан юм. Одоо энэ компанитай хамтран ажиллаж байна. Тус компани нь сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг Хятадаас худалдан авч, гааль, тээврийн зардлаа төлөөд, “Таван толгой түлш” компанийн хашаанд буулгадаг.

Монголд 25 кг-ын түлшний шуудай үйлдвэрлэдэг компани байхгүй. Харин Монгол нэг тонн, 800 кг, жоншны шуудай үйлдвэрлэдэг компаниуд байгаа.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний шуудайны нийлүүлэлтийн асуудал үүссэн. Одоо аль болох таслахгүйг хичээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түлшний шуудайн 10 хоногийн нөөц байна. Сайжруулсан шахмал түлшний шуудай өөрчлөгдсөн нь хамтран ажиллаж буй хоёр компанийн ялгаа гэсэн үг. Өнгөрсөн 2019 онд хамтран ажиллаж байсан компанийн түлшний шуудайн нөөц үлдчихсэн байсан” гэдгийг хэлсэн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.