2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Н.Алтанхуяг: Улс төрд 27 жил явсан хүний хувьд хэлье, оффшорт данстай хүн Монголд бүтээн байгуулалт хийдэггүй юм

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүрэлцэн ирж оролцож, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн, үг хэллээ. Тэрбээр Увс нутгаас төрөн гарсан төр, нийгмийн олон зүтгэлтнүүдийн нэг. Тэр дундаа “Шинэчлэлийн” Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд олон зүйлд хариулт өгсөн юм.

Тэрбээр “Та бүхэн манай нэр дэвшигч Баттулгыг тун сайхан дэмжиж, алга ташиж байна. Гэхдээ зүгээр нэг дэмжээд, алга ташаад бүх зүйл болчихгүй. Хүч тэнцвэргүй энэ тулаанд маш их хүч, овсгоо самбаа гаргаж байж бид ялна. Өнөөдөр Монголын нийгэм тийм ч сайхангүй байна. Цөөхөн хүн баяжиж, олонх нь ядуу амьдарч байгаа. “Шинэчлэлийн” Засгийн газар ард түмнийхээ амьдралд хэрэгтэй зүйл хийх гээд, нүүрс, шатахууны үнийг буулгах ажлыг хийж байсан. Увсад гэхэд шатахууны үнийг литр тутамд 80 төгрөгөөр буулгаж байлаа. Саяхан шүү дээ. Та бүхэн мартаагүй байх. Аж ахуйн нэгжүүдээ дэмжье. Монголдоо сайхан амьдаръя. Бид чадна гээд ажлаа эхэлсэн. Гэвч нэг их удалгүй бид ажлаа өгсөн.

Өнгөрсөн жилийн өдийд МАН сонгуультай холбоотойгоор баахан юм амалж байж гарч ирсэн. 65 суудал авсан. Зарим нь яллаа гэж сонсоод шоконд орсон шүү дээ. Энэ бол булхай луйвартай сонгууль байсны нэг илрэл. Дээрээс нь булхайтай байсан гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. 60 тэрбум төгрөгөөр зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд төрийн албыг зарах тухай ярьсан бичлэг нь ил боллоо. Батлагдлаа. Монголд шударга ёс алга юм байна. 60 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын төрийн албыг зарж байгаа юм чинь төрийн эрхийг хууль бусаар авсан нь тодорхой биз дээ. Өнөөдөр хууль, хүчний бүх байгууллага тэдний гарт байна. Энэ бүх нөцөл байдлыг өөрчлөхөөр Халтмаагийн Баттулга нэр дэвшиж байгаа юм. Увсынхан минь дэмжээрэй.

МАН-ынхан бөөлжсөн бөөлжсөө буцааж долоож байна. Баахан дөвчигнөж байгаад машины татвар нэмсэн. Гэтэл приусын татварыг буцаагаад тэглэлээ гээд л давхиад байна. Гэхдээ бүр биш түр зуур шүү. Энэ нам сонгуульд ялах бэлтгэлгүй байсан нь олон зүйлээс харагддаг. Хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг хассан. Хамтын тэтгэврийн хуулийг цуцалсан. Дээрээс нь 65 суудалтай байж ирц нь хүрдэггүй. Юу гэсэн үг вэ. 65-уулаа Монгол Улсын парламентыг эзэгнэж байгаа мөртлөө гадаадын нэг компанийн атганд ороод, баталсан хуулиа эргүүлж татаж байгаа юм. Ийм зүйл байж болох уу даа, та минь. Өөрчлөх цаг болсон юм биш үү. Энэ бүх байдлыг өөрчлөхийн тулд Баттулгыг дэмжиж гаргах хэрэгтэй байна аа.

МАН-ынхан төмөр замтай холбоотой асуудлаар хар пи ар хийж байгаа. Тэд АН-аас хэн нэр дэвших боломжтой вэ гэсэн гаргалгаа гаргаад, хоёр жилийн өмнөөс л харлуулах ажлаа эхлүүлсэн. Баттулгыг төмөр замын мөнгө идсэн гэдэг худал яриа, хар пи арыг ч гэсэн эртнээс хийсэн шүү дээ. Би “Шинэчлэлийн” Засгийн газрын Ерөнхий сайд байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Би төмөр замын бүтээн байгуулалтыг нь очиж үзсэн. Ажлаа хангалттай хийсэн. Тэр ч битгий хэл МАН-ын сайд төмөр замын даланг 86 хувийг бүтээн байгуулсан гэдгийг хэлчихсэн шүү дээ. Үүнээс илүү баталгаа гэж хаана байна.

Дахиад нэг зүйл дээр байр сууриа илэрхийлье. Оффшор данс гээд яриад эхэллээ. Би Баттулгыг оффшор дансанд мөнгөө аваачаад хийчих хүн гэж бодохгүй байна. Харин ч бидний нүдэн дээр ажлаа хийдэг. “Талх чихэр”, “Мах импекс” гээд. Чингис хааны морьт хөшөөг барьсан. Одоо “Түмэн хишигтэн” гээд төсөл хэрэгжүүлээд явж байна. Би та нарт улс төрд 27 жил явсан хүний хувьд нэг зүйлийг хэлье. Оффшорт данстай хүн Монголд бүтээн байгуулалт хийхгүй ээ. Зангиа зүүсэн, цагаан гартай нөхөр л цохиж явдаг, мөнгө нь гадаадад байдаг юм. Тийм учраас би Баттулгад итгэж байгаа. Тэр эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн суманд эртнээс оногдоод л явж байгаа хүн. Энэ хүнийг дэмжсэн шиг дэмжээрэй гэж би та бүхнээс хүсье, уриалъя” хэмээн хэллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.