2024 оны 05 сарын 08
Мэдээ, мэдээлэл
Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ

БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр болох 32-ын буудал, Хархорин захын хооронд дахь явган хүний зам дагуу худалдаа эрхлэгчид, БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр болох 3-4 хорооллын явган хүний зам дагуу худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус нутаг дэвсгэрт худалдаа эрхлэгчид хэвлэлийн хурал хийлээ. Анх 2014 оны есдүгээр сараас БГД-ийн удирдлагууд дээрх  худалдаачдыг худалдаа эрхэлдэг газраас хөөж эхэлснээс үүдэж энэхүү маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилжээ. 

Тухайн үед БГД-ийн Засаг дарга Д.Оросоо тэргүүтэй удирдлагуудтай уулзаж хэдэнтээ хүсэлтээ илэрхийлсэн ч хүлээж аваагүй байна. Мөн нийслэлийн удирдах албан тушаалтнуудад энэ талаар хүсэлт тавьсан ч дүүрэг нь өөрөө шийдэх боломжтой тул дүүргээр шийдүүл гэдэг хариуг өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдээгүй байгаа тул худалдаа эрхлэгчид гурав хоногийн суулт зохион байгуулж цаашлаад хуурай өлсгөлөн зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Энэ талаар тус дүүрэгт худалдаа эрхлэгч С.Мишиг хэлэхдээ "Тогтмол ажилтай байдаг багш болон эмч нар ажил хаялт зарлах дээрээ тулж, цалин хөлсөө нэмүүлэх дээрээ тулж, хамгийн хатуу гэж хэлж болохоор шаардлагуудыг тавьж байна. Гэтэл улсаас нэг ч төгрөг гуйгаагүй, өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгож, амьдралаа авч яваа иргэдээ шахаж хавчиж байгаа үйлдлийг хатуу эсэргүүцэж байна. Нийслэл, дүүрэг хоёрын дунд явсаар бид туйлдлаа. Тусгаар тогтнолын талбай дээр өчигдрөөс эхлэн суултаа эхэлсэн. Дүүргийн иргэнээсээ зугтааж өрөөндөө нуугддаг С.Одонтуяагаар яаж бид дүүргээ удирдуулах юм бэ" гэлээ.

Худалдаа эрхлэгч Б.Өлзийхүү "100-н хүний ажлын байрны төлөөх тэмцэл яригдаж байгаа боловч гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг олон хүний амьдрал үүний цаана  байгаа. Өнөөдөр хууль тогтоомж нийгмийн аль давхаргад үйлчлээд байгааг бид асуумаар байна. Засаг дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн байхдаа тус дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдээ дэмжин ажиллана гэдэг амлалтыг өгчихөөд өнөөдөр  албан тушаалд очингуутаа биднээс нүүрээ буруулж байна" гэв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.