2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно

Өнөөдөр “Манзушри цогцолбор” соёл, шашин, аялал жуулчлалын төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах “Манзушри цогцолбор”-ыг байгуулах төслийг УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд санаачилжээ. Дэлхий дээр Буддын шашин шүтдэг 530 сая хүн бий. “Манзушри цогцолбор” нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ түүхийг бүтээсэн гадаад, дотоодын жуулчдыг шашин, соёл, уламжлалаараа дамжуулан татах маш том бүтээн байгуулалтын ажил гэдгийг төсөл санаачлагчид онцолж байлаа.

Төслийн санаачлагч: УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд:

“Манзушри цогцолбор төслийг өнөөдрийн түвшинд хүргэсэн “Арчер” ХХК-ийн хамт олонд, эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлье. 2010 онд долдугаар Манзушри хутагт тодорсны дараа Манзушри хутагт санг хэсэг хүмүүс байгуулж намайг тэргүүнээр сонгож байлаа. Бид Манзушри хутагтын үйл ажиллагааг дэмжих, өмнөх дүрүүдийн бүтээл туурвилыг судлах, сурталчлах ажлыг хийж байна. Анхдугаар Манзушри хутагт 1790 онд тодорсны дараа шашин номын үйлээ эхлүүлж, Монголын сүсэгтнүүд 1937 оныг хүртэлх хугацаанд 20 гаруй сүм, хийдийг босгож чадсан юм. 09 сарын 06-ны өдөр долдугаар Манзушри хутагтын “Гэвш” цолыг хамгаалах ёслол болно. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж байна” гэв.

Сэргээн засварлахаар зураг төслийн боловсруулсан Манзушри хутагтын хийд өмнө нь Цогчин дуган, өвгөн Лаврин, Жүд, Мамбын дуган, Ёго-Ядам, Найдан, Аюуш, Майдар зэрэг 20 гаруй сүм дугантай, 350 гаруй лам суудаг томоохон суурин газар байжээ. Тус хийдэд Сахиус Чойжоо зэрэг бурхны дүрийг харуулсан цам гарах, Майдар эргэх, Хайлан хурах, Ганжуур эргэх шашин номын зан үйлийг тогтмол хийдэг байсан байна.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

“Олон эрдэмтэн, мэргэд энэхүү төсөлд оролцож байгаад баяртай байна. Энэ бол гарцаагүй бидний хийх ёстой ажил юм. Улс оронд маань хэрэгтэй. Олон газрын жуулчдыг татах, шашин номыг хөгжүүлэхэд чухал ажил. Бурхны шашин дэлгэрээгүй улс орон дэлхий дахинд нэг ч байхгүй гэдгийг Заваадамдин тэргүүтэй шашны мэргэд тогтоосон байдаг. Монгол Улсад бурхны шашин гурван удаа дэлгэрч байсан баялаг түүхтэй. Сүсэгтэн олныг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон” гэлээ

Манзушрийн аялал жуулчлалын цогцолборыг төлөвлөхдөө түүх, археологийн судалгаанд үндэслэж, газар нутгийн байршлын онцлогт тохируулан Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэхээр тооцжээ. 300 жилийн түүхтэй Манзушир хийдийн түүхэн дурсгалт цогцолборыг сэргээн засварлаж, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох уг төсөлд нийт 270 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Нийт төсөвт өртгийн 37 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс бусад санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх боломжтой гэж байлаа.

Төслийн удирдагч: Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар:

“Төр, хувийн хэвшил, эрдэмтэд, судлаачид нэгдсэн 17 байгууллагын 100 гаруй хүн “Манзушри цогцолбор” төсөл дээр хамтран ажиллаж байна. Шашин, соёл, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж, жилдээ 1.3 сая хүн хүлээн авах боломжтой энэхүү цогцолбор маань Монгол Улсын аялал жуулчлалын салбарын түүхэнд шинэ хуудсыг нээнэ” гэсэн юм. 

Манзушри хийдийн сүм, суварга, дуганы үлдэгдэл туйрыг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах ажлыг уг төслийн хүрээнд хийж Цогчэн Дугана, Сэрүүн Лаврин, Цэцээ гүний оргил дахь Тахилын сүмийг сэргээн засах эскизийг боловсруулжээ. “Манзушри цогцолбор” төсөл нь аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн, брэндийг бий болгож, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж буй юм.

Г.Дугар

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.