2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагуу явж байна

НИТХ-ын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлэг,  Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай өнөөдөр танилцлаа. Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар өөрийн хөрөнгөөр  тохижуулах ажил хийж байна.  Хаврын  тохижилтын ажлын хүрээнд  Шастины нэрэмжит  3 дугаар эмнэлгийн гадна талбай  автомашины зогсоол, иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгсэд тав тухтай үйлчлүүлэх сайхан тохижилтыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн сард хийж дуусган хүлээлгэн өгсөн. Түүнчлэн Гэмтэл согог  судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна тохижилтын ажлууд эхэлжээ.

“Бумбат даваа” ХХК-ийн захирал н.Болд-Эрдэнэ “ГССҮТ-ийн гаднах 10 мянган м2 зам талбайн тохижилтын ажлыг манай компани гүйцэтгэж байна. Энэ ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн. Энэ сарын 15-нд хүлээлгэн өгнө. Өнөөдрийн байдлаар үндсэн зогсоолуудын асфальт, бетон хучилтуудыг аваад маргааш гэхэд бүрэн дуусгана. Тохижилтын ажлыг ерөнхийдөө хугацаандаа дуусгаж хүлээлгэн өгнө. Уг эмнэлгийн нэг орц, гарцыг хоёр болгож, ИНЕГ, ЗТЯ, ЗАА, ГССҮТ-ийнхөн хоорондоо зөвшилцсөний үндсэнд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг Монгол Улсад анх удаа хийхээр төлөвлөж, баталсан зураг төслийн дагуу бид ажлаа хийж байна. Бүх ажил хугацаандаа графикийн дагуу хийгдэж байгаа” гэсэн юм.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохилтын хувьд мөн 80 орчим хувьтай явж байгаа гэнэ. Эмнэлгийн урд талын автомашины замыг өргөтгөж, ногоон байгууламжийг хийхээс гадна 70 орчим автомашины зогсоолын талбайн ажил хийгдэж байна.

Эмнэлэг орчмын  орц гарцыг нэмэгдүүлж, иргэд  тав тухтай үйлчлүүлэх орчныг  хотын захиргаа  анх удаа хийж байна.  Учир нь төсөв хөрөнгөгүйгээс  эмнэлгүүд  гадна тохижилтондоо төдийлэн анхаарч чадахгүй байсан бол хотын даргын санаачлагаар  ийнхүү тохижилтын ажлууд хийгдэж эхэлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.