2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Шахмал түлшний хэрүүл түүх болон үлджээ

Нийтлэлийнхээ эхэнд “Тавантолгой түлш” компанийн хамт олонд нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зөв биз ээ. Яагаад хэмээн уншигч та асууж мэднэ. Учир нь энэ жилийн хатуу, хүйтэн өвлийг бид түлшний хомсдолын хэрүүлгүй, түлэх нүүрсний чанартай, чанаргүйн тухай маргаангүй давж чадсан учраас тэр юм.

Нөгөөтэйгүүр, монголчууд бид ч түлшээ зөв түлж, зуухаа зөв галлаж, яндангаа ч зөв хөөлөөд сурчихаж. Нэг үе өдөр бүр шахам л угаартсан, амь насаа алдсан иргэдийн тухай мэдээ хэвлэлийн нүүрийг “хачирлаж”, түлшний хольцны тухай хэрүүл удтал сунжирч, өвлийн турш маргалддаг байсан цаг үеийг ардаа үлдээж чадсан учраас тэдэнд зориуд талархах учиртай билээ.

Халуун, хүйтэн, хөр цаснаар ч өдөр шөнөгүй ажиллаж, нүүрс ачиж, түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгох гэж зүтгэдэг үйлдвэрийн залуусын цуцалтгүй хөдөлмөр, сайн муугаар шүүмжлүүлдэг ч саараа цаг ямагт засаж залруулж, өнгөлж яваа компанийн удирдлагуудын нөр их хөдөлмөр зүтгэлээр монголчууд сайжруулсан шахмал түлшээ асуудалгүй түлж, агаарын бохирдлын эсрэг хамтдаа тэмцэж чадаж буй нь олзуурхууштай. Буруу хэрэглээнээс үүдэлтэй асуудал ар араасаа гарч, түүнийг дагасан дуулиан ч тасардаггүй байсныг бид бараг л мартах шахжээ.

Үнэнийг хэлэхэд, өвөл, хаврыг давах гэж хөгөө хөлдөө чирч, хөлдөж үхэхийн даваан дээр зуны дэлгэр сартай золгодог байсныг мартах учиргүй ч мартах цаг нь болсныг энд онцлохыг хүслээ. Өнгөрсөн  өвөл, хаврыг тарчигаа барж даваагүй учраас тэдний амжилтаар ийн бахархаж суугаа хэрэг. Түлшний хомсдол үүссэнгүй, элдэв дуулиан шуугиан ч дэгдсэнгүй.

Нийслэлчүүд нам гүм, тайван, дулаахан өнгөрүүллээ. Энэ бол нийтийн төлөөх компанийн нэгдүгээрт тавьсан хариуцлагатай үйл хэрэг хэмээн сэтгэж суугаа учраас “Сайн мэдээ” буландаа онцлохыг хүслээ.

Урьд өмнөх жилүүдэд түлшний хүрэлцээ, чанарын асуудал хэвлэлийн тэргүүн нүүрэнд бичигдэж, энд тэндгүй хомсдол үүсч, түлш хайсан иргэд Улаанбаатар хотыг хэрэн хэсдэг байсан бэрхшээлтэй асуудлыг хэрхэн давж чадсаныг бид “Тавантолгой түлш” компанийн албаны эх сурвалжаас тодруулав.

Тэгвэл, тус компанийнхан өнгөрөгч оны есдүгээр сарын 15-наас 2023 оны тавдугаар сарын 10 хүртэл нийтдээ 485.104.8 тонн түлшийг аж ахуйн нэгжид борлуулсан байна. Нийтдээ 650 цэгээр борлуулалт хийж ажиллажээ. Ийм хэмжээний нөөцтэй, тэр хэмжээний борлуулах цэгтэй байхад цаашдаа ч хомсдол үүсэхгүй гэдгийг тэд тайлбарлаж байх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэр бүхий дүүргүүдэд байрлах 99 агуулахад 120 мянган тонн түлшний нөөцтэйгөөр 2022-2023 оны өвөл, хаврын сарыг өнөтэй давж чадсан байна.

Мөн компанийн гурван үйлдвэр өнгөрсөн өвөл гурвуулаа бүрэн хүчин чадлаараа ажиллажээ. Дан ганц баруун бүсийн 15 шугамд л найддаг байсныг компанийн дэргэдэх мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудтай баг өөрчлөхөөр шийдэж, баруун, зүүн бүсийн үйлдвэрээс гадна “”ТЭЦ-2”-ын хажууд байрлах төвийн үйлдвэртээ техникийн шинэчлэл хийснээр түлшний хомсдолын асуудлаас бүрэн ангижирч чадсан гэв.

Зүүн үйлдвэрт босоо хатаагч хоёр ширхэгийг инженерүүд нь өөрсдийн хүчээр угсарч, хатаалгын үйл ажиллагааг бүрэн шийдсэнээр түлш нойтон байна, чанаргүй байна, утаа их хаяж байна гэсэн хэрэглэгчийн гомдол бүрэн шийдэгдсэн хэмээн компанийн амжилт ололтоо хуучиллаа.

Өөрөөр хэлбэл, иргэд заавал олноор нь худалдан авч, нөөцлөх шаардлагагүйгээр зохион байгуулалтыг борлуулалтын цэгээр дамжуулан шийдэж өгсөн нь тэдний амжилт. Хүйтний эрч чангарсан үе буюу арванхоёрдугаар болон нэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд 2.925.2 тонн түлш борлуулж, иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагыг хангасан амжилттайгаар өвлийг давж чадсанаа ярилаа. Гэхдээ өнөө жилийн өвөл, хаврыг давлаа гээд санаа нь амарчихгүй. Зуны дэлгэр цагт ард олноороо найрлаж цэнгэж байхад ч тэд завгүй л ажиллацгаана. Учир нь ирэх жилийн өвөл даанч хурдан ирэх учраас зуны гурван сард дараа өвлийн нөөцөө бүрдүүлэх ажилдаа анхаарах учиртай. Тиймдээ ч зун, намрын зургаан сарын хугацаанд 100.000 тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байна, тэд.

Тав, зургаа, найм, есдүгээр сард үйлдвэр дахиад л бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн үг. Ингэснээр ирэх намраас эхлээд дахиад л түлшний хомсдол нийслэлийн хэмжээнд үүсгэхгүй ажиллахаар төлөлөсөн бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд санаа амар зуны дэлгэр цагтаа аялж, зугаалж өнгөрүүлж болох нь ээ. Өнгөрсөн өвлийнх шиг өнөтэй, дулаахан давах нөхцөлийг “Тавантолгой түлш”-ний хамт олон бүрдүүлж, хангаж ажиллаж байгаа гэсэн үг. Хичээвэл ажил явж болдгийг, хэрүүл маргаангүйгээр асуудлыг ямар амархан шийдэж болох байсныг харуулж буйд талархлаа илэрхийлье.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.