2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Шатахууны үнийг бууруулсан ч орон нутгийн зорчигч тээвэрлэгчдэд нөлөөлсөнгүй

Олон нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг томоохон баяр ёслол, оюутан, сурагчдын амралтын үеэр хот хоорондын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар удахгүй болох гэж байгаа учир Улаанбаатар хотыг зорин ирэх, буцах хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард том оврын автобусны тасалбарын үнийг нэмэгдүүлсэнд зорчигчид шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Түүнээс хойш шатахууны үнийг 100-150 төгрөгөөг хоёр ч удаа бууруулчихаад байхад нэмсэн үнээрээ үйлчилсэн хэвээр байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ талаар болон хэт ачаалалтай үед холбогдох газрууд ямар зохицуулалт хийж байгааг сурвалжлахаар Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу Драгоныг зорилоо. Тус газар хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд төлөвлөгөөт хуваарийн дагуу нэлээд хэдэн автобус чиглэлдээ гарч, зарим нь бэлтгэлээ хангаж зорчигчдынхоо ачааг ачиж байлаа. “Тэр чиглэлийн автобус хаана зогсч байна. Ачаа дайх гэсэн юм” хэмээн хайрцагтай зүйл барьж ийм тийш холхих хүн цөөнгүй харагдав.

Зам, тээврийн сайдын тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн нэг хүн км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг. Гэсэн ч энэ жишиг тарифт хүрдэггүй, хүрсэн ч шатахууны үнийн өсөлтөөс үүдэн алдагдалтай ажилладаг, зорчигч багатай чиглэлд үйл ажиллагаа эрхлэгч 40 орчим аж ахуй нэгж болон Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа санал, шаардлага ирүүлсний дагуу эдийн засгийн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийн үнэ, тарифт өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд өөрчлөлт оруулсан. Тодруулбал хот хоорондын 71 чиглэлд гэрээтэй 59 аж ахуйн нэгж үйлчилгээ эрхэлдэг байна. Эдгээр чиглэлээс тодорхой тооцоо судалгааны чдсэнд зохицуулалт хийж, 60 чиглэлд ухайн зорчих чиглэлээсээ хамаарч 300-9500 төгрөгөөр өөрчлөлт оруулсан. Тухайлбал, ачгийн ойр буюу Төв аймгийн Зуунмод чиглэлд 300, хамгийн хол буюу Ховд аймгийн Булган сумын чиглэлд 9500 төгрөгөөр нэмсэн юм. Тухайн үед ийм байдлаар нэмэх нөхцөл бүрдсэн байж болох ч түүнээс хойш шатахууны үнийг удаа дараа бууруулсан тул хуучин үнээр үйлчлэх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа зорчигчид илэрхийллээ. Дээр дурдсан болон бусад асуудлын хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийн дарга У.Батхүүтэй ярилцлаа.

-Хот хооронд үйлчилгээ үзүүлж буй автобусуудын зардал нэмэгдсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ямар шалтгаанаар нэмэгдүүлсэн юм бэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сард нэгдсэн журмаар хот хоорондын автобусаар зорчих үйлчилгээний үнийг нэмсэн. Түүнээс хойш буюу намайг энэ төвийг хариуцаж ажилласнаас хойш хот хооронд зорчих зардлыг нэмээгүй. Холбогдох газраас баталсан стандартын дагуу тогтоосон үнээр иргэдэд үйлчилж байна. Тухайн зорчигч хүссэн тохиолдолд амь даатгалын 600 төгрөг нэмж төлдөг

-Одоогоор шатахууны үнийг 100-150 төгрөгөөр хоёр ч удаа буурууллаа. Иймд зах зээлийн зарчмаараа орон нутгийн зорчигчдын зардлыг эргүүлээд бууруулах болов уу гэсэн хүлээлт байна?

-Буурах эсэх асуудлыг би шийдэхгүй. Аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс тогтоосон үнэ тарифаар үйлчлэх ёстой. Хэрэв, өөрсдөө дур мэдэж зорчигчийн зардпыг нэмсэн тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авдаг. Аж ахуйн нэгжийг дүгнэхдээ жолооч ажлын хувцас өмссөн, зориулалтын бус газарт зогссон, зам тээврийн осол гаргасан, хурд хэтрүүлсэн, тасалбаргүй хүн тээвэрлэсэн, гэрээнд заасан үнэ тарифыг мөрдсөн эсэх гэх мэт хүчин зүйлийг харгалздаг.

-Томоохон баяр ёслол, ялангуяа Цагаан сар дөхөхөөр хот хооронд зорчих хөл хөдөлгөөн эрчимждэг. Үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Монгол Улсын 16 аймгийн 53 чиглэлд 703 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Хоёрдугаар сард монголчуудын уламжпалт баяр Цагаан сар болдог учир ачаалал эрс нэмэгддэг. Бусад саруудад 45000-53000 мянган иргэн хот хооронд зорчдог бол одоо энэ тоо 82000-84000 мянгад хүрээд байна. Ингэснээр хот хоорондын тээвэрлэлтийн ачаалал 30 хувиар нэмэгдэж байгаа юм. Иймд ард иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх үүднээс нэмэлтээр автобус явуулж эхэлсэн.

-Хэдэн автобус нэмэлтээр гаргасан бэ. Жолооч нарыг ямар зохицуулалтаар ажиллуулдаг вэ?

-Өдөрт 40-60 автобус нэмэлтээр явуулж байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахаас гадна хурдыг камераар хянадаг. Өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэшсэн жолоочийг явуулдаг. Хэзээ, хэн гэдэг жолооч аль чиглэлд явах гэж байгаа талаарх мэдээллийг төлөвлөлтийн тусгай программд оруулдаг. Үүнд манай төвийн тээвэр зохицуулагч нар хяналт тавьдаг. Тухайн жолооч ажил, амралтын горимоо мөрдсөн эсэх, мэргэшсэн жолооч мөн үү гэдгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд тээвэрлэлтэд гаргадаг.

-Тухайн жолооч хот хоорондын тээвэрлэлтэд гарахад эрүүл мэндийн хувьд асуудалгүйг хэрхэн тогтоодог вэ?

-Олон улсын буюу Авто вокзалын стандартаар зорчигч үйлчилгээний газрууд эмч ажиллуулах ёстой байдаг. Иймд бид холбогдох газартай хамтарч Сонгинохайрхан зор- чигч үйлчилгээний төвд энэ сарын 20-ноос албан ёсоор эмч ажиллуулахаар болоод байна. Бид ажиллах нөхцөл боломжоор хангана. Эмчтэй болсноор нэн түрүүнд жолооч, цаашлаад шаардлагатай тохиолдолд зорчигчид эрүүл мэндийн үзлэг хийж тээвэрлэлтэд гарах эсэхийг шийдэх юм.

-Хууль бус буюу хулгайн тээвэрлэлтэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Иргэд автобусны цагийн хуваарь, тасалбар захиалах гэх мэт мэдээлэл дутмаг, мөн хариуцлагагүй байдлаасаа болж хууль бус тээвэрлэлтийг сонгодог. Мөн жолооч “Автобусны үнээс тав, арван мянган төгрөгөөр татуу авч явъя” гэхээр зөвшөөрчихдөг. Гэтэл жолооч нар ажил, амралтын горим мерддөггүй, хүн, ачаа хоёрыг хамтад нь тээвэрлэдэг. Энэ мэт асуудал олон эрсдэл дагуулдаг. Албан бус мэдээллээр жилд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдцаг гэсэн тоо баримт бий. Үүний 80 орчим хувь нь орон нутгийн замд гарсан байдаг. Үүнийг 100 хувь гэж үзвэл түүний 60 орчим хувь нь хууль бус тээвэрлэлт хийж буй хувийн автобус, жижиг машинд сууснаар амь нас, эрүү мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог. Томоохон баяр ёслолын үеэр хууль бус тээвэрлэлт нэмэгддэг. Иймд бид Замын болон Тээврийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Хэв журмын цагдаа болон Автотээврийн үндэсний төвийн улсын байцаагч хамтарч төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Хууль бусаар хүн тээвэрлэсэн жолооч нарт ямар хариуцлага тооцож байна вэ?

-Хууль бус тээвэрлэлт хийж буй иргэн, аж ахуйн нэгжийг Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авдаг. Зөрчлийн хэрэг нээж шалган, эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч хариуцлага тооцдог.

Хот хооронд үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч суудлын тооноос илүү хүн авдаг, зорчигчдын дэргэд, суудлын дунд ачаа хэтрүүлэн ачиж, амгалан тайван зорчиход саад болдог, жолооч бусадтай ярьж, анхаарлаа сарниулж осол аваар гаргадаг, зорчигчид ямар ачаа бараа авч явж байгаад хяналт тавьдаггүй, хурд хэтрүүлдэг, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй замд гарснаас эвдэрч зогсдог зэрэг шүүмжлэл дагуулдаг. Эдгээрээс гадна зарим жолооч замд гарахдаа эрүүл мэндийн хувьд хэвийн бус байдаг, үүрэглэх тохиолдол гардаг гэдгийг ч зорчигчид хэлж байлаа. Бид зарим жолоочийн байр суурийг сонслоо.

Жолооч Б.Батзаяа: -Өнөөдөр /өчигдөр/ Ховд аймаг руу явах гэж байна. Энэ сарын 26-нд хотод эргэж ирэх хуваарьтай. Орон нутагт цас багатай ч нэлээд хүйтэн байна. Аюулгүй байдлаа бүрэн хангасан. Улаанбаатар Ховд аймгийн хооронд 70 км цагийн хурдтайгаар 35-36 цаг явдаг. Ээлжийн жолоочтой учраас харьцангуй хурдан очдог. Улаанбаатар-Ховд чиглэлд хоёр компанийн нийт 54 автобус үйлчилгээ үзүүлдэг. 10.00 болон 13.00 цагаас явах хуваарьтай. Тасалбарын хувьд 66 мянган төгрөг байсан. Хоёр, гурван сарын өмнөөс 71 мянган төгрөг болгосон. Үүнд амь насны даатгал багтаж байгаа.

Жолооч Г.Бямбаа: -Цагийн хуваарийн дагуу өнөөдөр /өчигдөр/ 12.00-оос Дархан руу явах гээд зорчигчдоо хүлээж байна. Улаанбаатар-Дархан чиглэлд 12 автобус иргэдэд үйлчилдэг. Ээлжийн жолоочгүй учраас нэг өнжөөд гардаг. Том хүн 12 мянга, хүүхэд 6000 төгрөг байдаг. Уг нь нэг хүний зардал 10 мянган төгрөг байсан. Автобус 45 хүний суудалтай ч заримдаа бүрэн дүүрдэггүй.

Жолооч Х.Очирхуяг:-Улаанбаатар-Завхан аймгийн Тэс сумын чиглэлд 55 мянган төгрөгөөр долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гарагт зорчигч тээвэрлэдэг. Ээлжийн гурван жолоочтой явдаг. Энэ жил цас багатай учир зам гайгүй байна. Одоогоор гурван автобус иргэдэд үйлчилж байгаа. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ийм шинэ чиглэл гаргасан учраас энэ жил зардлаа нэмээгүй.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.