2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байна

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН “ХӨХ ОРДОНД ГАРГАСАН ХҮСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР СУУРЬ

Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос улсад оршин суудаг Монгол улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.

Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын Засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал(ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна.

Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал, Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх.

Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна. Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна. Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна.

Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна.

Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

* Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга,

5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна.

2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог.

Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна. Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’тэй, ‘Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн ‘хууль бус үйлдэл’-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно.

Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна. Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна.

Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.

Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм. Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн.

Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой. Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм.

Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай. БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна.

Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.

Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.

Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье.

Эх сурвалж: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.