2024 оны 03 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл оногдуулжээ

Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/476 дугаар тушаал гаргаж, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь цагдаагийн газрын Дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2-т Төрийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заажээ. Хуулийн дагуу дээрх гурван албан тушаалтны цалинг бууруулсан аж. Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам эвсэл, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байхыг үүрэг болгов.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.