2024 оны 11 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫ ХЭРЭГТ 12 ХҮНИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алга болсон Д.Сэржмядаг охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч сэжүүр гарч ирээгүй аж. Өнөөдрийн байдлаар алга болсон охины хэрэгт холбогдуулан 12 хүнийг нийслэлийн ойролцоох хорих ангиудад байршуулан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа бол 20 гаруй хүнийг суллажээ. Өнгөрсөн онд тус суманд нийт 30 гаруй хүнийг байцаасан юм.

Охины аав Д.Дашдуламын ах бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаатай холбогдуулан түүнийг ч бас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлжээ. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нар аав болон эгч нарыг нь бөөгийн зан үйлд охиныг хэрхэн оролцуулж байсан зэргийг шалгаж дууссан аж. Шалгалтаар ямар нэгэн сөрөг, ноцтой зүйл илрээгүй байна.

Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын хэлсэнээр өнгөрсөн онд эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн юм. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.