2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
ЦЭЛ ЗАЛУУХАН ЭЭЖ ХОРВООГ ОРХИЛОО

Энэ сарын 11-нд нөхөр нь таван сартай жирэмсэн эхнэрээ зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Талийгаач Б нь БГД-ийн 14-р хорооны 11-р байрны …орцны …тоотод нөхөр, гурван хүү, нэг охины хамт оршин суудаг байжээ. Хохирогч Б нь толгойдоо гэмтэл аван энэ сарын 8-нд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очжээ. Улмаар эмчлэгдэх хугацаандаа буюу энэ сарын 12-нд нас барсан байна. 11 дүгээр байрны оршин суугчид хохирогчийг таван сартай жирэмсэн байсныг хэлж байлаа. Мөн талийгаачийг нөхөр нь байнга зодож, дарамталдаг байсан тухай хэлж байна. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн "Би нэг удаа эхнэрээ зодож байхад нь хорооны цагдаад мэдэгдэж байсан. Ер нь их авиртай залуу. Хорооны хамтарсан баг гэж эмч, цагдаа, нийгмийн ажилтан нийлсэн 7 орчим хүнтэй баг байдаг. Энэ багийн хүмүүс эднийхийг их л анхааралдаа авч, ажилладаг юм ярьж байсан” хэмээн ярив. Тус хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хэргийн талаар тус хорооны цагдаагаас тодруулах гэсэн боловч татгалзсан хариулт өгөв. Мөн хорооны Засаг дарга н.Нансалмаагаас хамтарсан багийн шалгалтын талаар болон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б гэгч нь эхнэрээ байнга зодож, дарамтладаг байсан эсэх талаар тодруулахад "Цагдаа нар ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэв. Харин Улаанбаатар хотын цагдаагаас тодруулахад "Энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь үнэн. Гэвч хүмүүсийн яриад байгаа шиг шалтгаант нөхцөл үүссэн нь тогтоогдоогүй байна. Бидэнд ирсэн мэдээгээр 35 настай эмэгтэй Б гэгч нас барсан. Тухайн хэрэгт 35 настай эрэгтэй Б гэгчийг /нөхөр/ холбогдуулан шалгаж байгаа” гэлээ. 11 дүгээр байрны оршин суугчид болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, нөхрийг нь буруутгах хүн олон байв. Мөн удаа дараа эхнэрээ дарамтлан зовоож, цагдаад баригдаад явдаг ч удалгүй суллагддаг. Суллагдаад гарч ирсэн даруйдаа эхнэртээ гар хүрдэг байсан талаар өгүүлж, талийгаач бүсгүйг өрөвдөн халаглах аж. Оршин суугчдын нэг хэсэг нь ийн ярих бол зарим нь энэ хэрэг олон хоногийн өмнө болсон тухай бүдэг, бадагхан сураг сонссоноо ярьж байв. Бараг сарын өмнө буяны явдал болж байгаа бололтой сандал, ширээ зөөсөн хүмүүс эднийх рүү орж, гарч байсан хэмээх аж. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг Статистикийн ерөнхий газраас мэдээлсэн. Тус мэдээнд он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн 935 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 222 буюу 31.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг тусгасан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2016 оны долоодугаар сарын байдлаар 7 хүн амь насаа алдаж, 695 хүн гэмтжээ. Амиа алдагсдын тоо нэгээр нэмэгдсэн эсэхийг Шүүх эмнэлгийн дүгнэлт нотолно. Дүгнэлт 14 хоногийн хугацаанд гарах учиртай. Ямартай ч цэл залуухан ээж, ертөнцөд дуугаа хадааж амжаагүй үрийнхээ хамт хорвоог орхилоо. Ард нь дархан бэр болгож, дансалсан гурван хүү нь, цэцэгхэн охин нь өнчирч хоцорлоо.

Г.Тэгшсүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.