2024 оны 06 сарын 22
Мэдээ, мэдээлэл
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө плакат худалдаж авсаар байх уу, О.Алтансүх дарга аа

Нийгмийг цочроосон, хүүхдийн эрхийг зөрчсөн олон асуудалд нэр төдий байгууллагууд хэсэгхэн дуугарч байгаад аажимдаа нам гүм болчихдог явдал цөөнгүй бий. Харин цаг ямагт хүүхдийн төлөө, залуучуудын нийгмийн оролцооны төлөө дуугарч байх ёстой нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар юм.

Гэтэл өнөөдөр уг байгууллага зорилт, зорилгынхоо төлөө бодлогын ямар дорвитой өөрчлөлт хийв. Хүчирхийлэлд өртөж буй хүүхэд, гэр бүл, залуучуудын төлөө нийгмийг уриалсан ямар томоохон акц зохион байгулсан бэ гэх зэрэг олон асуултыг тус байгууллагаас нэхмээр санагдах нь дамжиггүй. Уг байгууллагын удирдлагтай холбоотой олон шүүмжлэл сонсогдох нь бий. Гэхдээ ядаж хүүхэд, залуучуудын төлөө хийж буй ажлынхаа шилэн дансыг шударгаар хөтлөдөг болчихвол өнөөх яриад байдаг эрхэм зорилттой нь яв цав нийцэх биз. Тус байгууллагын шилэн данснаас асуудал эхэлнэ. “Хуулиа мөрдье-21” нөлөөллийн арга хэмжээ буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан байна.  Уг арга хэмжээний зардалд 9 сая 900 мянган төгрөг гэж эхний удаад бичсэн боловч задаргааг нь харвал олон нийтийн газраар тус арга хэмжээний плакат тараахад зориулж 16 сая 500 мянган төгрөг зарцуулсан байгаа нь нүдэнд тусна. Мөн бусад сурталчилгаа, шторкийн хамтаар нийтдээ 20 сая 700 мянган төгрөг зарцуулжээ. Хэрэггүй хог болгож гудамжинд наах плакатын оронд ядаж хуулиа мөрдөх товхимол тарааж болоогүй юм байх даа.

Мөн арга хэмжээнд дахин 6 сая 600 мянган төгрөг зарцуулсан нь задаргаа, тушаал алга. Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөнд 9 сая 150 мянган төгрөг, Хүүхдийн эрх хамгааллын талаарх нэвтрүүлэгт Монгол телевизэд 5 сая төгрөг, Нартхангай хүүхэд хөгжлийн төвд 75 сая 575 мянга 200 төгрөгийн зарлага гаргасан ч мөн л задаргаа, тушаал байхгүй. Энэ бол ердөө энэ оны хоёрдугаар сард байршуулсан шилэн дансны мэдээлэл. Нэгдүгээр сарын шилэн дансны мэдээлэл ч байхгүй нь хүүхэд, залуучуудын төлөө дуугарч, нийгмийн түүчээ болж явах ёстой энэ байгууллагын төсөв мөнгөний зарлага тодорхойгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тус газрын дарга О.Алтансүх. 

Мөн тус байгууллагад хүүхэд, залуучуудыг хөгжлүүлэх тал дээр ямар ч гомдол, өргөдлийг нэг ч иргэн гаргаж байгаагүй бололтой. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт ч алга. Уг нь энэ байгууллага Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог байгууллага. Өөрөөр хэлбэл Монгол улсын тусгаар  тогтнол, уламжлал, монгол ген, монгол гэр бүл, монгол хүүхдийн ирээдүйн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж бодлогын түвшинд ажиллах ёстой байгууллага. Гэтэл хүүхэд залуучууд, гэр бүл бүрт хүрч хэрэгжих бодлого энэ байгууллагаас гарсангүй удлаа. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд яагаад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шаардлага тавьж ажиллахгүй байна вэ.

Залуучууд бидний хөгжлийн төлөө газар нь хүртэл шилэн данс нь бүрхэг, ойлгомжгүй. Бидний төлөө 50 мянган ширхэг плакат хотын гудамжаар нааж 16 сая төгрөгөөр олон нийтийн газрын хана туурга гоёжээ.  Уг нь 50 хүүхдийн сурах боломжид нэмэрлэж болох байж гэж бодохоор хэзээ бид хөгжинө дөө гэсэн бодол төрөхөөс аргагүй.

Э.БҮҮВЭЙ

hh

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.