2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
МАЛААР БАЯН УЛС ОРОН МИНЬ МАХНЫ ХОМСДОЛД ОРЖ ЭХЭЛЛЭЭ
Монголчууд юугаар баян бэ гэвэл малаар баян гэж хэлнэ. 70 гаруй сая толгой малтай монголчууд махаа худалдаж авч идэж чадахгүйд тулав. Дэнжийн мянга болон томоохон худалдааны төвүүдэд мах үнэтэй байна. Одоо Цагаан сараар үнэ нь бүр тэнгэрт тулна. Адуу болон ямааны мах бүр олдохгүй байгаа юм. Учир нь Хятадууд их хэмжээний мах худалдаж авч нөөцөлж байгаа гэх юм билээ. 2050 он гэхэд монголчуудыг махны хэрэглээгүй болгох Хятадын бодлого яваад байна ч гэж хардаж эхлэв.

Махны эрэлт нийлүүлэлтийг анхаарч байхгүй бол 60, 70 сая малтай л гээд байдаг нэг л өдөр Орос, Хятадаас махаа авдаг болох вий дээ гэсэн айдас болгоомжлол төрж эхлэв. 21 аймагт гадныхан мах нийлүүлэлт, худалдан авалт хийгээд байна.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат "Хятадууд намар мал тарган үед нядалсан махыг түүчихдэг болжээ. Хууль бус худалдаа хөгжсөн байна. Бүр тодруулбал, жуулчны визтэй Хятадуудын хууль бус махны худалдаа хөгжчихлөө. Хуулийн байгууллагууд анхаарахгүй бол жилээс жилд энэ байдал  зах хязгааргүй нэмэгдэж байна. Махны үнэ түүхэн рекорд тогтоон өссөөр байна" гэж ярьжээ.

Ийнхүү махны үнэ тэнгэрт хадна гээч болов. Үхрийн нэг кг мах 10000 төгрөг болсон байна, арай ч дээ. Цагаан сар дөхөх тусам үнэ нь өсөх нь тодорхой.

Махаа Хятад руу гаргахыг зогсоож өгнө үү, Ерөнхий сайдаа

Иргэн А.Дулмаа "Өчигдөр Хархорин зах дээр мах авах гээд очтол лангуун дээр нь гуяаны ясгүй мах бараг алга. Үнийг нь асуусан 12 мянга гэв. Худалдагчид хэдэн хатуу үг хэлсэн чинь Цагаан сар дөхөхөөр 20 мянга болох байлгүй дээ гэлээ. Харин өлгүүрт нь 5 10 үхрийн гуяа өлгөөтэй байна. Түүнийгээ зарах болоогүй гэнэ. Би хэсэг хугацааны дараа эргээд орсон чинь монгол хүүхэн дагуулсан хятад иргэн хамгийн тарганаас нь тэрэг дээр тавиулаад аваад явж байв. Бид ер нь Эрээнд байгаа юмуу эх орондоо байгаа билүү гэж тэр зуур бодож сэтгэлээр уналаа. Ерөнхий сайдаа та махаа Хятад руу гаргахыг бүр мөсөн зогсоож эсвэл өндөр татвар, хяналтын дор гаргах шийдвэр гаргаж өгнө үү. Махаа авч идэж чадахгүй болчихвол бид чинь одоо яаж амьдрах болж байна даа" гэж ярьсан байна.
 
Махны салбарт сэтгэл эмзэглүүлэм үйл явц өрнөж байна

Хүнсний технологич Г.Цэрэндулам "1999 оноос хойш Монголын мах махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй жирийн мэргэжилтний хувьд нүдэнд харагдаж, сэтгэл эмзэглүүлж буй зүйлсийн тухай өөрийн бодлоо бичлээ. "Хүчит Шонхор" зах дээр өнөөдөр бүтэн гулууз үхрийн махны үнэ 7500 төгрөг байна. Яагаад урьд жилүүдэд 4500 төгрөг байсан үнэ гэнэт өсчихөв. За үнэ дүүрч гэхэд олдоц муу байх жишээтэй. 2019 оны хавар жижиг гуанз цайны газраас эхлээд өндөр зэрэглэлийн бүх рестораны хоолны үнэ өснө. Жирийн 3-4 ам бүлтэй айл сард 250.000 төгрөг маханд зарцуулдаг байсан бол одоо 400.000 төгрөг төлнө. Бүтэн гулууз үхрийн мах гэхээр их хэмжээтэй сонсогдож магадгүй. Яс, бүлх, шөрмөс, булчирхай гэх мэт 30% нь хаягдал болдог. Энэ бүхэн юунаас болчихов оо.

Монгол хүн эх орондоо ая тухтай амар тайван ажиллаж хөдөлмөрлөн, эрүүл хүнсээр хангагдах учиртай. Манжийн дарлалын үед ч өлсгөлөн гэдэг зүйлийг үзэлгүй, буянт мал сүргийнхээ хүчинд өнөөдрийн зэрэгт хүрсэн Монгол түмний минь хувьд нэгэн шинэ сорилт тулан ирлээ. Ер бусын тэсвэр тэвчээртэй ард түмэн гэж гайхагддаг Монгол хүний хамгийн амин чухал хэрэгцээ бол мах, гурил. Энэ л хэрэгцээ нь хангагдсан байхад улстөр хямарч, төр сүйрч байсан ч бид тоодоггүй. Гэтэл татвар төлөгч, хөдөлмөр эрхлэгчдийн орлогыг хуу хамагч өнөөх аюултай бирд төр нь энэ салбарууд руу "шунаглан дайрлаа". Өөрийн мэдэх махны салбарт өрнөж буй үйл явцыг товч сонирхуулъя.

Монгол Улсын мал сүргийн тоо жилээс жилд өсч 2017 оны жилийн эцсийн тооллогоор 66 сая толгойд хүрсэн. 2018 оны мал тооллого одоо ид явагдаж байна. Сүүлийн 5 жилийн статистик судалгаа харахад Монголчууд бид жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлсэн байна. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулахад хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлдэг. Мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг байдлыг өсгөх үүднээс хонь, ямаан сүргийн 25-аас доошгүй хувийг, үхэр, адуун сүргийн 15-аас ихгүй хувийг, тэмээн сүргийн 3-аас ихгүй хувийг тус тус хүнсэнд хэрэглэх бодлогыг хэрэгжүүлдэг юм.

ХХААХҮЯ-наас өгч буй тоон мэдээллээр жилд экспортлох махны тоо хязгаартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баталсаны дагуу жилд:

- Хонь 3.412.400 толгой буюу маханд шилжүүлсэнээр 61.4 мян.тонн,

- Ямаа 3.132.900 толгой буюу маханд шилжүүлсэнээр 47.0 мян.тонн,

- Үхэр 214.200 толгой буюу маханд шилжүүлсэнээр 27.9 мян.тонн,

- Адуу 291.000 толгой буюу маханд шилжүүлсэнээр 43.6 мян.тонныг тус тус экспортонд гаргаж байна.

Гэхдээ үүгээр зогссонгүй. Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлыг үндэсний зөвлөлийн хурлаар 2017-2018 онд хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэж орхисон.

Тоо баримтаас харахад мах гадагшаа улс орон луу худалдах маш ашигтай. "Малчид мөнгөжин, зах зээл тэлж байна" хэмээн төр мэдэгдэнэ.

Гэвч бодит байдал тэс ондоо буйг энэ салбарын компаниудын үйл ажиллагаа, дотоодын худалдааны зах зээл харуулж эхэлсэн. Одоо махны чиглэлийн компани бүр Хятад Улс руу экспорт хийхээр ХХААХҮЯ, МХЕГ /мэргэжлийн хяналт/, ГЕГ /гааль/-ыг тойглох болов. Валютын орлого огцом олдог бизнес тул улстөрчид ч компани байгуулан олноор орж эхлэв. Малын өвчин тасралтгүй гардаг тул Европын холбоо, Япон гэх мэт 3-дагч улс орнуудад экспорт эрс бага. Энэ бүх таатай боломж дээр Хятад бизнесмэн, Хятадтай хамтарсан компаниуд хөдөлж эхэлсэн. Тэд маш богино хугацаанд Монголын махны салбарт ноёрхолоо тогтоож чадлаа. Хуучин хэдэн ченж нараа шүүмжилдэг байсан бол одоо экспорт нэрийн дор орон нутгийн махны худалдаа бүхэлдээ Хятадуудын гарт оров. Дотоодод махны зохиомол хомсдол бий болж үнэ эрс өслөө.

Өнөөдөр үхэр, адуу, хонины махны үнэ түүхэн рекорд тогтоон нэмэгдчихээд байхад санаа зовох хүн алга. Бүгд улстөрийн хэрүүл үзэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын талд хуваагджээ.

"Махны үнэ өсөх нь зах зээлийн жам", "Махны экспорт Монголын хөгжил" гэх мэтээр шүүмжлэх ухаантангууд олширсон. Гэвч тэдний хэн нь ч энэ салбарын ард өрнөж буй шударга бус тогтолцоог хэлж, ярьдаггүй. Мөн мэдэхийг ч хүсдэггүй. Нэгэн үеээ бодвол Монголд үхэр өсгөдөг фермүүд бий болсон. Монгол хүний хамгийн амин чухал хэрэгцээ бол үхрийн мах тул олонхи иргэд талархдаг. Гэвч энэ тансаг зэрэглэлийн чанартай мах дотоодын зах зээл буюу жирийн иргэдэд очдоггүй. Тун бага хэмжээгээр тансаг зэрэглэлийн ресторан, хувь иргэдэд худалдаалагдана. Их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх боломж нь ч хязгаарлагдмал. Бүтэн 2 жил арчилан өсгөж байж 1 сайн махны чиглэлийн тарган үхэр бий болдог болохоор аргагүй. Ийм байхад ард түмэн Монголын махны салбарын гадагшлах үйл явцад эмзэг хандах учиртай. Иргэдийн орлого буурч, компаниуд санхүүгийн сахилга батад шилжсэн өнөө цагт өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн махны үнэ тогтвортой байх ёстой.

Манай сэхээтэн давхаргын цөөнгүй хэсэг "малын махны үнэ нэмэгдэх сайн. УБ хотын ажилгүй иргэд орон нутаг руугаа буцан явж мал маллах, ашиг орлого олох нөхцөл бүрдэнэ" гэж онолддог. Гэвч бодит байдал дээр "сард 1 сая төгрөгийн цалин өгөөд ачаалал даагаад ажилла" гэхэд ажилтан олдохгүй байна.

Халамжийн бодлого он удаан жил хэрэгжүүлсэний эмгэнэлтэй үр дүн. Хэрвээ махны экспортын замбараагүй бодлого үргэлжилсээр байвал Монгол орны хүнсэнд нийлүүлэх мал сүргийн тоо аюул дагуулах хэмжээнд очихоор байна. Дөрөвхөн сая үхэр сүрэгтэй мөртлөө экспорт хийн таахалздаг, махны дотоодын хэрэглээгээ хямруулчихаад валютын орлого гэж суудаг орон хэд байдаг бол. 2018 оны намар "өвлийн идэш", "мах бэлтгэл"-ээр орон нутгийг зорьсон хүмүүс "ажигласан" гэдэгт итгэлтэй байна.

Монгол орчуулагч дагуулсан Хятад бизнес эрхлэгчид 60 тонны автомашинтай аймаг, сум бүрт оччихсон аль өнгөтэй, өөдтэй гэсэн мах бүрийг сорчлон түүж хадгалсан, экспорт хийн гаргасан. Түүхий мах хилээр гаргах квоттой тул том том саванд гал өрдөн "чанасан мах" мэт өнгө хувиргаад л хил гаргах болсон. Энэ гажиг бизнес дотоодын зах зээлд хомсдол мөн огцом үнэ өсөх уршиг авчирлаа.

Ингээд бодлогогүй, замбараагүй гадагшаа гаргаад, гаргах ч гэж дээ Хятадууд өөрсдөө ирээд аваад байвал Монголын жирийн иргэдийн таваг хоолны үнэ л нэмэгдэхээс өөр үр дүн үгүй мэт санагдана" гэж махны салбарт өрнөж байгаа үйл явцыг үнэн бодитоор бичжээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.