2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Б.Дэлгэрсайхан: Зогсоолын төлбөрийг бүсчлэн тогтооно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо нийтийн тээвэртэй хамтран чиглэлийн төлөвлөлт хийгээд буй. Уг төлөвлөгөөг энэ сарын 20-ноос туршиж эхлэх юм. Энэхүү төлөвлөгөөнд зогсоолын асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан телевизид ярилцлага өгөхдөө ингэж тайлбарлажээ.  Тэрбээр “Мэдээж хэрэг замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь зогсоолын хүртээмжгүй байдал. Иргэд зогсоол олох гэж бараг л азын сугалаа шиг юм болдог. Энэ бол үнэн. Төрийн албан хаагчдын 55 хувь буюу 63 мянга нь хувийн автомашинаар ажилдаа ирж, очдог. Ирээд байгууллагынхаа үүдэнд буюу нийтэд үйлчлэх ёстой зогсоол дээр бүгд машинаа тавьдаг. Үүнтэй холбоотойгоор бүх зогсоолыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн. Нэг хүн зогсоол дээр бүтэн өдөржин машинаа тавих тохиолдол түгээмэл. Энэ 63 мянган хүний эрх ашиг чухал уу эсвэл нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг бодолцох ёстой. Тийм ч учраас бүх авто зогсоолыг өндөр төлбөртэй болгох бодлого, зөвлөмжийг Нийслэлд хүргүүлсэн. Зогсоолын төлбөрийг бүсчлэн тогтоохоор болсон. Тухайлбал, хотын А бүсэд байгаа зогсоолыг цагийн 5 мянган төгрөг, Б бүс дэх зогсоолыг 4 мянган төгрөг байхаар зохицуулалт хийнэ. Энэ бол судлаачид, мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанд үндэслэсэн үнэлгээ. Хүмүүст энэ нь үнэтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ түгжрэлд таван мянган төгрөгөөс илүү их зардал гаргаж байгаа. Жишээлбэл 2-3 цаг түгжрэх, тэг зогсолт хийхэд машин дотроо дулаан байхын тулд багагүй бензин зарцуулж байгаа. Дээрээс нь цаг хугацаагаа гарздаж, стресст өртөх нь элбэг. Үүний хажууд зогсоолын үнэлгээ бага гэж ойлгож болно. Бусад улс орнуудад зогсоолын асуудлыг эдийн засгийн зарчмаар л шийдвэрлэдэг. Манай улсын тухайд түгжрэлийг бууруулах хоёр дахь том гарц, шийдэл бол энэ. Зогсоолыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Бүх зогсоолыг ТББ, нөхөрлөл зэрэг залуучуудад өгөхөөр төлөвлөөд байгаа. Эсвэл гэртээ сууж байгаа ажил хийх хүсэлтэй настай хүмүүс ч байж болно. Тэгэхээр нийт зогсоолын зардлын 50-60 хувь нь эдгээр хүмүүсийн цалинд зарцуулагдана. Ингэснээр илүү хяналттай болох юм. Үлдсэн мөнгийг Авто замын санд төвлөрүүлнэ. Төвлөрсөн мөнгийг авто зогсоол тохижуулах, камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол хийх зэрэгт зарцуулна. Мөн авто замаа сайжруулахад голлон анхаарна гэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.