2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
А.Сүхбат: Улаанбаатар тэр чигээрээ сүйрэх эрсдэл бий болоод байна

Зах зээлийн нийгэмд шилжих завсрын үеэс эхлээд Монголд барилгын стандарт нормыг мөрдөөгүйгээс өнөөдөр Улаанбаатарын барилга, байшингийн 80-90 хувь нь суулт, цууралт үүсэн хар аяандаа нурж унах байдал үүсээд байгаа талаар Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албатай хамтран 1996 оноос хойш баригдсан барилгуудад үзлэг шалгалт хийж, 300 гаруй баримт цуглуулан мэдээлж эхэлсэн талаар өмнө нь бид хүргэсэн. Өмнөх нийтлэлийг ЭНДдарж үзнэ үү.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар Туул голд зөвшөөрөлгүй хайрга, элс олборлож байгаа компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгсөн. Эдгээр компаниуд Туул голын экосистемд нөлөөлөөд зогсохгүй, стандарт шаардлага хангахгүй элс хайргаар барилга барьснаас Улаанбаатар тэр чигээрээ нурах аюулд орохоор байна. Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын анхааруулгыг хүргэж байна.

барилга-коллаж А.Сүхбат: Улаанбаатар тэр чигээрээ сүйрэх эрсдэл бий болоод байна

А.Сүхбат: 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Голын хайрга бол барилгын материал биш. Гэтэл манайд голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна.

Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайрга хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө.

Өнөөдөр надад 300 гаруй барилгын стандарт шаардлага хангахгүй байна гэсэн мэдээлэл зураг ирсэн байгаа. Үүний дотор та бидний мэддэг супер барилга Шангри-Лагийн хана, зоорийн давхар цуурсан байгаа. Энэ чинь л стандартын барилгын дүүргэгч материал ашиглаагүйг хэлээд байгаа юм. Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ энэ юм” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карьер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карьер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэллээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” гэж мэдэгдсэн.

Гэвч одоогоор энэ дүгнэлтийн мөрөөр ямар ажил хийгдэж байгаа нь тодорхойгүй хэвээр л байна. Онцлон сануулахад энэ бол нийт Улаанбаатарчуудын эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахаар байдал үүсээд байгаа юм.

Тиймээс асуудлыг эцэст нь хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

Таны барилга, орон сууцанд ан цав, суулт үүсээд байгаа бол 99110960 утсанд хандаарай.

Эх сурвалж: Updown.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.