2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Комикс эмийг хэтрүүлэн хэрэглэвэл ходоод цоорно

Байхгүй мөртлөө байдаг, олдохгүй мөртлөө олддог комикс

Мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаад баригдаж, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээр ирсэн 15 настай охин архи ууж, тамхи татдаг, мансуурахаар комикс эмийг хэрэглэж байжээ. Охин СЭМҮТ-д эмчлүүлж байгаад гарсан ч дахиад л мансууруулах бодис хэрэглэн одоо БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгагдаж байгаа.

Өсвөр насныхан болоод залуучууд сүүлийн үед комикс гэх эмийг нэг дор олноор нь ууж мансуурах байдал газар аваад байгаа аж. Тиймээс уг эмийн хэрэглээ, олдоц, худалдааны талаар сурвалжиллаа.

Комикс гэх эм нь ханиадны үед хоолойн өрөвсөлд уудаг бөгөөд Индонези улсаас орж ирдэг сироп аж. Монгол Улсад бүртгэлтэй эмийн жагсаалтад комикс эм гурван төрлөөр бүртгэгджээ. Комикс жинжер, Комикс лайм, Комикс пепперминт хэмээн нэршлээр худалдаалагддаг тус эм нь “Декстрометорфан гидробромид + Хлорфенирамин малеат + Глицерил гуайаколет” гэсэн найрлагатай юм байна.

Комикс эмийн найрлагад донтуулах, мансууруулах нөлөөтэй бодис агуулагдаагүй хэдий ч харшлын эсрэг үйлчилгээтэй хлорфенамин, гормоныг дэмждэг бодис болох  декстрометорфан /DXM/  агуулдаг учир хэтрүүлсэн тунгаар хэрэглэхээр жингүйдэх, хүүхэн хараа томрох, элдэв хийсвэр зүйл харж, сонсох үзэгдэл мэдрэгдэж эхэлдэг аж. Мансууруулах үйлчилгээний хугацаа урт үргэлжилдэг, эмийн үйлчилгээ гарсны дараагаар тархиар хатгуулах, ходоод өвдөх, дотор муухай оргих зэрэг шарталтын шинж илэрдэг дээрх эмийг зуршил болгон ууж хэвшвэл үүнээс илүү хор уршигтай аж. Хэдийгээр эмийн найрлагад парацетамол агуулагдаагүй учир элгэнд муугаар нөлөөлөхгүй ч, декстрометорфан гэх гормоны төрлийн эм агуулагддаг учир их хэмжээгээр дасал болгон хэрэглэхээр дархлаа сулардаг, улмаар ходоодны хананд өөрчлөлт орж ходоодны цооролт үүсгэдэг аюултайг мэргэжлийн эм зүйч анхааруулж байв.

Монгол эм импекс, Тавин ус, Астра фарм-д комикс байхгүй

Эм бэлдмэлийг хэтрүүлсэн тунгаар ууж донтогчдын хувьд хамгийн “таатай” үе нь хүйтэн сэрүүний улирал болдог гэх бөгөөд эмийн сангаар үйлчлүүлэгчдийн ачаалал ихсэн, тэр хэрээр хяналт, анхаарал сулардаг учраас ханиадны, харшлын, өвчин намдаах үйлчилгээ бүхий эм бэлдмэлийг их хэмжээгээр худалдан авах аятай нөхцөл бүрддэг гэнэ. Комикс эмийг 20 ширхгээс дээш хэмжээгээр хэрэглэснээр мансуурлын шатанд хүрдэг талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна. Тус эм ширхэг нь 350 төгрөгөөр худалдаалагддаг тул өсвөр насныхан болон залуучууд хэрэглэх байдал нь их аж.

Комикс эмийг их хэмжээгээр худалдаж авахаар хэд хэдэн эмийн сангаар орлоо. Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоох Монгол эм импекс, Барагшуун фармын эмийн сангуудад байхгүй байсан.

Тавин ус эмийн сангийн лавлах руу холбогдож асуухад “Манай салбаруудад үлдэгдэл алга” гэсэн хариу өглөө. Астра фармын Жуковын музейн салбараас лавлахад “байхгүй, тасарсан” гэсэн хариулт өглөө.

Жижиг эмийн сангуудад байдаг ч олон тоогоор худалддаггүй гэв

Нэг найз маань Комикс эмийг хоолойн өвдөлтдөө хэрэглээд бараг долоон жил болжээ. Түүнээс энэхүү эмийг хэрэглэснээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлж байсан эсэх талаар асуухад, “Миний хоолой хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд л өвддөг. Оюутан байхад нэг найз маань хоолойн өвдөлтөд маш сайн эм гэж Комикс-ийг зааж өгсөн. Түүнээс хойш хэрэглэх болсон. Нэг удаагийн хоолой өвдөлтийн үед 10 ширхгийг аваад дөрвөн цагийн зайтай уучихлаар зүгээр болчихдог. Яг хэрэглэсний дараа нойр хүрдэг ч бүх мансуураад толгой эргэх зэрэг зүйл ажиглагдаж байгаагүй. Сүүлийн хоёр жил эмийн сангуудаар олдоц муудсан. Зарим эмийн сан лангууныхаа цаана тавьчихсан мөртлөө “байхгүй” гээд худалдаалдаггүй. Зарим эмийн сан таван ширхгээс дээш зарахгүй гэдэг болсон байна лээ” хэмээн ярьсан.

Ямар ч эмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог. Түүний адил комикс эмийн тунг тааруулан хэрэглэвэл ямар нэгэн мансуурлын шинж тэмдэг илрээгүй гэдгийг найз маань ярилаа.

Тэгвэл уг эмэнд мансуурч донтсон зарим нэг хүн худалдаж авахын тулд янз бүрийн л арга сэддэг байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмийн сангийн худалдагч ярихдаа “Саяхан нэг залуу “Гурван хайрцгийг авъя. Би гадаад явах гэж байгаа. Ханиад хүрэхээрээ уудаг юм” гэж орж ирсэн. Гэхдээ түүнд худалдаагүй. Олон улсын хэмжээнд комикс эмийг хориглоогүй, эмчийн жороор авдаггүй учир уг эмийг хэрэглэж мансуурдаг этгээдүүдэд хяналт шалгалт тавих боломж тэр хэрээр бүрэлдэж өгөхгүй байгаа юм билээ” хэмээн ярилаа.

Жороор олгодог эмийн жагсаалтаас комикс эмийг хайж үзлээ. Алга. Тэгэхээр уг эмийг бодлогоор хориглодоггүй болох нь тодорхой. Харин худалдаалж буй зарим эмийн санчид сайн дураараа тоог нь цөөлж худалдаалдаг бололтой.

“Шалгуургүй” худалддаг газруудаа шалгууртай болгоё

Энто эмийн сангийн лавлахтай холбогдож тодруулахад тус эмийг бүх салбараар худалдаалж байгаа гэнэ. Ямар нэг тоо заалгүй, “шалгуургүй” худалдаалдаг гэнэ.

Хэрэглэгчид нь байгаа хойно хэрэглээг нь худалдаалж л таараа. Комикс эмийг хэтрүүлэн хэрэглэж мансуурагчдын тоог нарийн тогтоох боломжгүйг ч уг хэрэглээ замаа алдсан гэдгийг ч СЭМҮТ-ийн эмч нар хэлж байв. Тиймээс уг эмийн хэрэглээг хязгаарлахын тулд жороор олгодог эмийн жагсаалтад оруулахыг хүссэн юм.

Бид уг эмийн хэрэглээний талаар дахин сурвалжлах болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.