2024 оны 10 сарын 09
Мэдээ, мэдээлэл
Трамп АНУ-д төрсөн хүүхдүүдэд Америкийн иргэншил олгохгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу 10 дугаар сарын 30-нд томоохон мэдэгдэл хийлээ. Тэрбээр Axios вэб порталд өгсөн ярилцлагадаа бусад улсын иргэд, хууль бус цагаачдын АНУ-ын газар нутагт төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодог практикийг цуцлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Бид бол хүмүүс ирж, хүүхэд гаргаж, хүүхэд нь АНУ-ын албан ёсны иргэн болдог дэлхийн цорын ганц улс. Хамгийн том давуу тал нь энэ. Энэ үнэхээр инээдтэй. Инээдтэй зүйл. Үүнийг дуусгах хэрэгтэй” хэмээн Дональд Трамп ярилцлагынхаа үеэр өгүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдүүд төрсөн газрынхаа иргэншлийг авдаг эрхийг цуцлах төлөвлөгөөгөө боловсруулалтын шатандаа яваа гэж мэдэгдлээ.

“Үүнийг зарлигаар л шийдчихнэ. Ингэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж надад үргэлж хэлдэг байсан. Гэхдээ юу гээч. Тэгэх хэрэггүй” хэмээсэн байна.

АНУ-ын завсар дундын сонгууль болохоос долоохон хоногийн өмнө хийсэн энэхүү мэдэгдэл АНУ даяар олон янзын байр суурь илэрхийлэхэд хүргэжээ. Гол нь төрсөн газраар нь иргэншил олгох эрхийг нь булаан авснаар Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийг зөрчиж байгаа аж. Уг өөрчлөлтийг 1868 онд АНУ-д иргэний дайн дэгдсэний дараа гаргасан байна.

Бүгд найрамдах намын гишүүн, өмгөөлөгч, Конгрессийн гишүүн Жасин Амаш л гэхэд “Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсвэл зарлигаар дамжуулан хууль ёсны болгох боломжгүй” гэжээ.

Үүнээс гадна Трампын хэлсэн нэг зүйл буруу байсан гэдгийг цохон хэлэх нь зүйтэй. Дэлхий дээр тухайн улсынхаа газар нутаг дээр төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодог улс ганц АНУ биш, 30 гаруй улс байдаг.

АНУ-аас гадна Канад, Малайз, Румын, Латин Америкийн ихэнх орнууд, тэр дундаа Бразил, Аргентин, түүнчлэн Африк, Далайн орнуудаас зарим нь газар нутаг дээрээ төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодог.

Трампын АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодог эрхийг цуцлах гэсэн нь хууль бус цагаачлалтай тэмцэхэд чиглэсэн бодлогынх нь үргэлжлэл юм. Тэрбээр АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр өөрчлөлтийн ачаар хууль бус цагаачлал газар авч, төрөх аялал жуулчлал эрс нэмэгджээ. Ялангуяа Орос, Украинаас жирэмснийхээ сүүлийн саруудад аяллын визээр ирж, тэндээ төрдөг аж.

Ингэж төрсөн хүүхдүүдийг Трамп 2015 оноос л “зангууны хүүхдүүд” хэмээн нэрлэж ирсэн байна.

Мэдээж хууль бус цагаач, харласан гадаадын иргэдийн АНУ-д төрсөн хүүхдүүдэд давуу тал олон бий. Тэд хууль ёсоор сурч, нийгмийн тусламж авах эрхтэй. Хамгийн гол нь 21 нас хүрмэгцээ гэр бүлтэйгээ нэгдэх өргөдлөө өгч, ойрын төрөл төрөгсдөдөө ногоон карт бүрдүүлэх боломж олгодог байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.