2024 оны 06 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Хөгжил дагасан хоолны бизнес

Эмэгтэйчүүд хоол хийх нь их хотын завгүй амьдралын нөлөөгөөр багасч, үүний оронд үүд тогшдог хүргэлтийн үйлчилгээ хүчээ авч байна. Өдгөө хоол хүргэлт нь нийтийн хоолны салбарын хамгийн өндөр өсөлттэй бизнест тооцогдож эхэллээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүргэлтийн хоолны орлого 5.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Гэтэл салбарын бусад үзүүлэлт өсөх нь бүү хэл уруудсан үзүүлэлтээр угтсан байх юм. Монголын эдийн засагт хямралын сүүдэр туссан энэ үед төрөөс эхлээд түмэн олон хүртэл бүсээ чангалж, худалдан авалтаа хумьж буй. Гэвч энэ амаргүй үед хүргэлтийн хоолны орлого дал давсан хувиар тэлж, 15 тэрбум төгрөг хүртлээ өссөнийг шугаман графикаас харж болно.

Халуун хоолыг нэг цэгээс нөгөөд хүргэдэг энэ төрлийн үйлчилгээ угтаа дэлхий дахинд хөгжөөд хэдэн зууныг үдэж байгаа. Харин манайд харьцангуй шинэ буюу 2008 оны сүүлчээс дэлгэрч эхэлсэн. Гэвч 10 хүрэхгүй жилийн дотор зөөврийн хоолны үйлчилгээ нүүдэлчин монголчуудын хэзээний хэрэглээ болоод амжсан. Хүссэн бүхэн харилцуур цохиод л, хоол захиалж дөнгөж байна. Бас баяр наадам, тэмдэглэлт өдрийн онцгой нэгэн ширээний чимэг, идээний дээж хэдийнэ болсон.

Хүргэлтийн хоолны орлого 71 хувиар тэлжээ 

Эхэндээ хоол хүргэлт нь пиццаны бизнес дагасан дайвар үйлчилгээ байсан юм. Манай шарсан тахиа, пиццаны дотоодын аж ахуйн нэгжүүд хэрэглэгчдийн хүсэлтээр бүтээгдэхүүнээ хүргэж эхэлсэн. Энэ нь ч их хотын завгүй хэмнэлд яг тохирч, пицца, шарсан тахиа зэрэг холын хүнсийг монголчуудад ойртуулахад хөшүүрэг болжээ.

Хэрэглэгчдийн тоо ийн өсмөгц зах зээлийн жамаар үйлдвэрлэгчид ч нэмэгдсэн. дотоодын аж ахуйн нэгжүүд голлодог бай сан энэ салбарт олон улсын тоглогчид орж ирсэн нь хэдэн жилийн өмнөх явдал. Үндэсний үйлдвэрлэгч “ноён пицца”, “Mixx Pizza”-гаас гадна АНУ-ын “Round Table Pizza”, дэлхийн хамгийн том сүлжээ рестораны нэг “Yum! Brands”-ийн “Pizzа hut” зэрэг гадаадын тоглогчид зах зээлд нэвтэрч, ширүүхэн өрсөлдөж байна.

Нэг үеэ бодоход түргэн хоолны салбарын тоглогчид хөл дээрээ зогссон. Манай үндэсний нэгэн үйлдвэрлэгч гэхэд л 24 цагийн турш үйлчилдэг хүргэлтийн тав, сүлжээ гурван ресторантай. Хүргэлт үйлчилгээний 50 гаруй автомашинтай үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч зарим үед эрэлтээ хангаж чаддаггүй гэдгийг компанийн удирдлагууд нуусангүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бизнес ингэтлээ тэлж, төдий чинээгээр олон хүнийг татаж чаджээ.

Гэхдээ хэрэглэгчдийнх нь дийлэнхийг 30-аас доош насны залуус эзэлж байгаа аж. Гэтэл залуусаас бусад хэсэг буюу ялангуяа, 30-50 насны монгол эрчүүд мах голлосон хоол хүнс идэх сонирхолтой. Тэгвэл зах зээлийн энэ орон зайг мэдэрсэн аж ахуйн нэгжүүд хүргэлтийн үйлчилгээгээр монгол түмний уламжлалт хэв шинжийг хадгалсан шинэ зоогуудыг хүргэж эхэлсэн юм. Үхэр, адууны чанаж болгосон мах, төмс, лууван, гурил гээд амтат багцууд хэдийнэ хэрэглэгчдийн хэрэглээ болсон. дээрээс нь бууз, хуушуур, цуйван тэргүүтнийг ч багтаагаад байна. Энэ төрлийн хоолны багц өдгөө 25-30 мянган төгрөгт хэлбэлзэж байна.

Гэхдээ хүчээ авч буй хүргэлт ингээд зогссонгүй, улам тэлэв. Өдрийн хоолондоо гарч амжихгүй, ширээнийхээ ард ажил даа дарагдаад сууж буй хэрэглэгчдэд зориулсан өдрийн хоолны багцыг ч сэдэв. Өдгөө энэ төрлийн багц арвин сонголттой болчихоод байна. Тэрчлэн томоохон ресторан, зоогийн газрууд хоолоо хүргэж эхэлсэн. Ингэснээр зоогийн ширээ болон хүргэлтийн үйлчилгээг хослуулж байгаа нь ашиг, орлогод нь эерэгээр нөлөөлж байгаа ажээ.

Ийнхүү хэрэглэгчдийн хүсэл, нийгмийн хэрэгцээг даган хоол ны үйлчилгээ хувьсан өөрчлөгдөж буй нь энэ. Эрүүл хоол эрхэмлэгчдэд зориулан зарим бизнес эрхлэгч цагаан хоолыг ч хүргэж эхэлсэн. Тэрчлэн дархан, эрдэнэт болон Өмнөговь аймагт энэ төрлийн үйлчилгээ цэцэглээд байна.

Гэхдээ ийн өндөр өсөлттэй зэрэгцээд зарим саад тулгарч буй. Энэ төрлийн үйлчилгээ нь товлосон хугацаанаас уддаг, хөрсөн хоолтой угтдаг гээд нийтлэг дутагдал олон байдгийг хэрэглэгчид шүүмжилсэн. Дээрээс нь хоол бэлтгэх орчин нөхцөл нь ч эргэлзээ дагуулдаг гэдгийг зарим иргэн нуусангүй.

Хүргэлтийн хоолны орлого 15 тэрбум төгрөг хүртлээ өсжээ 

Харин хариуд нь үйлдвэрлэгчид хот төлөвлөлт цэгцгүй, хаягжуулалт сул байдгаас тойрч будилах тохиолдол олон байдгийг учирлаж байна. Бас их хотын толгойны өвчин болсон түгжрэл цагтай уралддаг хоол хүргэгчдийн хамгийн том саад бэрхшээл. Хоолны эрүүл, аюулгүй байдлын тухайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын стандартыг мөрдөж ажилладаг. Мөн харъяа дүүргийн мэргэжлийн хяналтаас тогтмол шалгалт хийдэг байна. Ялангуяа, хөшигний арын хоол үйлдвэрлэл учраас дотоодын хяналтыг сайн тавьдаг байна. Сонирхолтой нь, энэ төрлийн үйлдвэрлэлд голдуу эрчүүд ажилладаг. 24 цагаар ажилладаг учраас шөнийн хүргэлтэд эрчүүд тохиромжтой аж. Тэрчлэн уламжлалт хоол үйлдвэрлэлд том ястай мах янзалж, бэлдэх гээд бас л эрчүүдийн хийх ажил.

Одоогоор пицца, шарсан тахианы үйлдвэрлэлийн дийлэнх түүхий эдийг импортоор авч байгаа. Гэхдээ сав баглаа боодол зэргийг аль болох үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авахыг хичээдгээ “ноён пицца” ком паниас мэдээлсэн юм. Тэрчлэн импортоор түүхий эд авдаг учраас валютын ханшийн савлагаанд өртөх зэрэг олон бэрхшээл дагуулдгийг нуусангүй. Тиймээс “ноён пицца” компани дотооддоо тахианы аж ахуй байгуулахаар төлөвлөж байгаа аж. Ер нь сүүлийн жилүүдэд гадаадын томоохон тоглогчид түргэн хоолны салбарт өрсөлдөж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн зах зээлд эзлэх хувь хэмжээ буурч байна.

Өдгөө ид хүчээ авч буй энэ бизнес хэтдээ улам тэлнэ гэж салбарынхан үзэж буй. Учир нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хоол хүргэлтийн үйлчилгээ хүчээ авч, хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Тэр бүү хэл, энэ төрлийн үйлчилгээг дагасан технологи хүртэл нэвтрээд байгаа. Өнгөрсөн онд зарим улсад робот, дрон ашиглаж хоол хүргэж эхэлсэн. Роботууд онлайнаар хүргэлтийн хоолны захиалга авдаг болжээ. Тиймээс ч шинжээчид хоол хүргэх үйлчилгээг хүнсний салбарын ирээдүй хэмээн тодорхойлж байна. 

Г.Байгал

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.