2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Амарч дууссан бол ажилдаа оръё, утаа айсуй

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан анхаарна уу. 

Та бүхнийг найр наадам, амралт зугаалгадаа бялуурч, өдөр хоногоо умартан, загас шиг чимээгүй, өмхий хүрнэ шиг нойрмоглож суутал утааны улирал юу юугүй ирлээ. Чихэн дээр цэцэг ургуулан өвөл, хаваржин ярьсан төсөл, хөтөлбөрүүдээ хэзээнээс “хөдөлгөхөөр” нөөж, зэхэж, хав дарж байна вэ.

Жилийн жилд хорт утаанд уушги, зүрхээ нэвт “угаалгадаг” хөөрхий иргэд чинь төр, засгаа бодитой, урагштай бодлого, шийдвэр гаргаасай хэмээн чимээгүй, тэвчээртэй нь аргагүй хүлээж л сууна. “Агаарын бохирдолтой өвөл, зунгүй тэмцье” гэж уриалдаг та бүхэн хэзээ их нойрноосоо сэрэх вэ.

САНАА БАЙВЧ САЧИЙ ХҮРЭХГҮЙН ЗОВЛОНД УНАХ ВИЙ

Агаарын бохирдол бууруулах чиглэл бүхий нэг төслийн сураг өнгөрсөн хавар цухас дуулдаад, таг чиг болов. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир УИХ-ын хаврын чуулганы үеэр “Улаанбаатарын утааг 50 хувь бууруулах зорилт тавьсан.

Агаар бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь гэр хорооллын зуух, яндан. Энэ хоёрыг ярихгүйгээр утааг богино хугацаанд багасгах боломжгүй. Тиймээс утаа бүрэн шатаадаг, агаарт хорт нэгдэл бага ялгаруулдаг төхөөрөмжийг 120 мянган өрхөд суурилуулахаар Засгийн газар хөрөнгийг нь шийдэж, захиалсан” хэмээн мэдэгдсэн юм. 120 мянган өрх гэдэг бол нийслэлийн гэр хороололд амьдардаг айлуудын тэн хагас нь. Тэгэхээр эл төхөөрөмж гэр хорооллынхны 50 хувьд нь “очно” гэсэн үг.

Утаа шүүгч төхөөрөмж үнэхээр тэдний хэлсэн шиг “шидтэй” байгаад, тэр нь эзэндээ (агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг, цахилгааны шөнийн төлбөрийн хөнгөлөлтөд хамрагддаггүй айлууд) хүрвэл төслийн үр шим гарч, утаа мэдэгдэхүйц хэмжээгээр буурах нь гарцаагүй. Гэвч санаачлагчид нь “Намраас хэрэгжүүлнэ” гээд налайж суугаагаас эл төсөл бусдын адил удааширч, замхарч болзошгүй гэх “зураглал” бууж байна.

Гэр хорооллын 60 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах туршилтын төсөл хэрэгжүүлэх гэж бүхэл бүтэн жил ярьж, хэрэгжүүлэхдээ тулахад он дамнуулан сунжруулсан бэлээхэн “туршлага” бидэнд бий. Үүнийг давтахгүй гэх баталгаа байхгүй.

Утаа шүүж, шатаадаг эл төхөөрөмж тус бүр нь 250 ам.долларын үнэтэй байсныг 200 болгон бууруулж, захиалсан гэнэ лээ. Төсөл хэрэгжүүлэгчид “Төхөөрөмж суурилуулахдаа өрхийн амьжиргаанд дарамт болохгүйгээр шийднэ” хэмээсэн. Иргэддээ дарамт учруулахгүй гээд үнэгүй тараах бэл бэнчин, зангараг бидэнд мэдээж байхгүй учир хөнгөлөлттэй нөхцөл, зээл, тусламжаар олгох нь гарцаагүй.

Ингэхээр бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд иргэдэд бишгүй л ажил удна. Тийм байтал төслийн баг, ажлын хэсгийнхэн утааны улиралтай зэрэгцэн “Намраас тараана” хэмээн алгуурлаж яавч боломгүй. Санаа байвч сачий хүрэхгүйн зовлонд унах вий.

ДАХИАД Л ТЭРБУМ, ТЭРБУМ ТӨГРӨГ. ХАРИН ЮУНД “ӨГӨХ” ВЭ

Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулахаар энэ онд улсын хэмжээнд 18.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ тухай хангалттай сонссон байх. Харин үүнийг чухам юунд зарцуулсан, цаашид зарцуулах тухай нарийн задаргааг БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос асуув.

Үүний 8.3 тэрбумыг шөнийн цахилгааны хөнгөлөлтөд, үлдсэнийг нь ариун цэврийн байгууламжийг сайжруулах, утаагүй түлшний төсөл хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг шинэчлэх, цахилгаан халаагуурт холбох зэрэгт зарцуулахаар төлөвлөж, зарим ажлыг нь өнгөрсөн өвөл дөнгөж эхлүүлээд “царцаажээ”.

“Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ч амжилт олоогүй, ижил төрлийн төсөл, хөтөлбөрийг яагаад жил болгон туршиж, их хэмжээний мөнгө салхинд хийсгээд байна вэ” гэж асуухад дээрх хорооныхон “Утааг ганцхан аргаар бууруулахгүй. Ус, хөрсний бохирдол, хог хаягдал гээд олон асуудалтай холбоотой. Цаашлаад нийгмийн буюу иргэдийн амьжиргаатай холбогддог. Тиймээс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлан, хэрэгжүүлж байгаа” гэв.

Түүнчлэн “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг урт, дунд, богино хугацааны гэж хуваадаг. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажил гэхээр зуух, түлш шинэчлэх, солих яах аргагүй орно” гэв. Утаатай тэмцэх ажлууд төр, засгийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд үргэлжилдэг, агаарын бохирдол байгаль орчны бусад асуудалтай холбоотойг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ утаа бууруулна гэх малгайн дор санаачилж, хэрэгжүүлдэг ажлууд яагаад заавал өвөлд өрнөх ёстой гэж.

Бид Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг улирлын чанартайгаар баталчихаагүй биз дээ. Энэ л гол асуудал болж буй юм. Энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн багц ажлуудын нэг болох гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг ч намрын дунд сараас хэрэгжүүлэх гэнэ. Жорлон шинэчилж, сайжруулах төсөл хүртэл хавар, зун “унтдаг” бололтой.

20 МЯНГАН АЙЛ, 80 МЯНГАН ТОНН ТҮЛШ

Ирэх намар “барианаасаа хөдлөхөөр” зэхэж буй бас нэг төслийн сураг гарав. Энэ бол сайжруулсан түлшний төсөл. Түүхий нүүрсний хэрэглээг ирэх оны тавдугаар сараас бүрмөсөн хориглох шийдвэр Засгийн газар гаргасан. Тиймээс сайжруулсан түлшний хэрэглээг дэмжих төслийг туршилтын байдлаар хэрэгжүүлж, гэр хорооллын 20 мянган айлд 80 мянган тонн утаагүй түлш олгох гэнэ.

Эл төслийг хариуцан ажиллаж байгаа БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэгтэй цөөн хором ярилцлаа.

-Нийслэлийн гэр хороололд буй 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангахад 600 мянган тонн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

-Сайжруулсан түлш үйлдвэрлэгчид энэ хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг нэлээд олон компани байдаг. Гэвч ихэнх нь зардлаа нөхөж чадахгүйгээс үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл тогтмол ажиллаж чаддаггүй учраас бид төслийн хүрээнд 10 гаруй компанийг нэгдэл болгосон. Гэсэн ч тэд нийслэлийнхний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Тиймээс сайжруулсан түлшний хуучин үйлдвэрийн суурин дээр шинийг байгуулах шийдэлд хүрсэн. Үүнийг ЭХЯ хариуцан ажиллаж буй. Харин манайх хамтарч ажиллах аж ахуйн нэгжүүдэд төвлөрч байна. Утаагүй түлшний тухайд бид 2014 оны стандарт мөрддөг. Үүнийг илүү боловсронгуй болгох, шинэчлэхээр ЭХЯ-нд ажлын хэсэг томилсон.

-Төслөө намраас хэрэгжүүлнэ гэсэн. Яг хэдийнээс эхлүүлэх юм бэ. Өвөл хаяанд ирчихлээ шүү дээ?

-Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхэн үеэс ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй. Яг энэ үед цаг агаар сэрүүсэж, айлууд галлаж эхэлдэг.

-Төсөлд хамруулах өрхийн тоо хязгаартай юм билээ. Ямар айлуудыг сайжруулсан түлшээр хангах юм бол?

-Төслүүд нэгдсэн зохион байгуулалтгүй, энд тэнд эрээвэр хураавар хэрэгжсэнээс амжилтгүй болсон түүх олон. Тиймээс бид нэг дор буй айлуудыг төсөлд хамруулна. Нэн түрүүнд Баянхошуунд агаарын бохирдлын I бүсэд амьдардаг өрхүүдийг хамруулна гэж төлөвлөсөн.

-2011-2013 онд сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийг дэмжихэд ихээхэн анхаарч, туршилтын төсөл, хөтөлбөр хүртэл хэрэгжүүлсэн. Гэвч бүтэлгүйтсэн. Энэ алдаагаа давтахгүйн тулд юунд анхаарч байна вэ?

-Тэр үед хариуцлага, хяналтын систем байхгүйгээс алдсан. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хэлцэл маш хариуцлагатай хийнэ. Хоёрдугаарт, тухайн айл бидний өгсөн нүүрсийг үнэхээр түлж байна уу гэдгийг хянана. Дамлан зарж ч болзошгүй учраас заавал хянах ёстой. Энэ төсөлд бид их хариуцлагатай, болгоомжтой хандаж байна. Олон улсын зөвлөхүүдийн саналыг тусгаж, зөвлөгөө авч байгаа. Ямар нүүрсээр сайжруулсан түлш хийвэл чанартай байх вэ гэдгийг судалж, заримынх нь дээжийг шинжилгээнд явуулсан.

Хэрэгжүүлэхэд бэлэн болсон, гэрээ хэлцлийн шатандаа явж байна гэсэн эерэг мэдээллийг тэрбээр дуулгав. Гэхдээ яг ийм шатнаас “замхарсан”, сураг алдарсан, бүтэлгүйтсэн төсөл, хөтөлбөр олон. Тиймээс одоо дүн тавихад дэндүү эртэднэ. Хэрэв дээрх ажлууд төлөвлөсөн ёсоор, хугацаандаа “хөдөлбөл” ирэх намар, утааны улиралтай уралдан томоохон гурван төсөл хэрэгжих нь. Гэхдээ “Намар болно” гээд налайж суух эрх бидэнд байхгүй. Амарч дууссан бол ажилдаа оръё, утаа айсуй.

Өнөөдөр сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.