2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
KFC-ийн тахианаас иргэд хордсон уу

Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC-ийг тойрсон хэл ам тасардаггүй. Энэ удаад KFC сүлжээний хоолонд хордсон гэх иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Энэ сарын 9, 10, 11-нд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлж, "Найзууд" багцыг авч идсэн  болон захиалж авсан хүмүүс хордсон талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна. 

Үүнтэй холбогдуулан, тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа "Найзууд" багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа гэнэ. 

Энэ талаар бид ЭМЯ-наас тодруулахад, "Тийм мэдээлэл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-өөс тодруул" гэв. 

Харин ХӨСҮТ-өөс тодруулахад, "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Манайхаас ажлын хэсэг гараад судлахаар явсан. Маргааш холбогдоорой" гэх хариултыг өгсөн юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс KFC-гээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гээд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.

Т.Гэрэл

Zaluu.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.