2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Гэр хорооллын гэрэл, сүүдэр: Тодорхойгүйн дундах хүлээлт

Их хотын хаяа бараадаж  “үүл мэт нэвсийх” гэр хорооллынхон гэж өвөлдөө утаан дотроо утуулж, улирал улирлынхаа өнгө араншинд тохирсон өөрийн гэсэн бэрхшээл зовлонтой хүмүүс бий. Хавар цагийн тоос шороо, урин дулааны угаадас жорлонгийн үнэр танарт хамгийн их нэрвэгддэг нь тэд. Эдүгээ нийслэлийн гэр хороололд 220 мянга орчим өрх амьдардаг бөгөөд хотын оршин суугчдын дийлэнх  хувийг бүрдүүлдэг.

Улаанбаатарын утааг үйлдвэрлэгчид гэж нүд үзүүрлэгддэг нь хөөрхий гэр хорооллынхон. Зарим нэг нь ядуучуудын хороолол гэж ялгаж харах гээд байх юм билээ.  

Төрийн бодлого төөрч мунгинаад гэр хорооллоос холуур тойроод байдаг нь харин маргахын аргагүй үнэн. Гэр хорооллыг чиглэсэн дэд бүтэц гэхээр эрчим хүчнээс өөр тоймтой нэрлэх юм даанч бага.  Жишээ нь, Чингэлтэй дүүргийн IX хороо буюу олны нэрлэж заншснаар Цагаан байр орчмынхон хотын төв хэсэг “А” зэрэглэлийн газарт амьдардаг. Гэсэн хэрнээ энд шилэн кабель сураг ч үгүй. Цэвэр бохир усны хоолой бол мөрөөдөл.  Ядахнаа ганц супермаркет,  гайгүйхэн шиг зоогийн газар байхгүй гээд бод. Аргаа ядахдаа нар борооноос толгой хоргодчих аятайхан автобусны буудалтай болчих юмсан гэсэн санаашрал оршин суугчдын  дунд бий.

Улаанбаатар хот гэдэг угтаа нэгэн цул, нийлмэл эд эс байх. Гэтэл орон сууцны болон гэр хороолол гэж өдөр шөнө шиг өөр, өнгө будгийн онцгой ялгарал харагддаг нь манай хотын онцлог. Үе үеийн хотын удирдлагуудад төвөөс зугтах хүч үйлчилдэггүй,  төв хэсэг буюу барилгажсан орчноо тойглож тойлохоос хэтэрсэнгүй. Угаасаа ч тэгээд гэр хороолол гэдэг  ямар ч төлөвлөлтгүй явж өдийг хүрчээ.

Утааны “буянд” гэр хорооллын дахин төлөвлөлт  яригдаж эхэлсэн ч хийсэн нь бага,  ярьсан нь их өдий хүрэв.  

...Иргэн Жамба Чингэлтэй дүүргийн Х хороонд 40  шахам жил амьдарч байна. Хоёр хөгшин хүүхдүүдтэйгээ хамжиж хашаандаа мансардтай байшин барьчихсан. Цэвэр бохир ус жорлон, халаалтгүйг эс тооцвол орон сууцны айлаас ч дутахааргүй тохилог амьдардаг.  Харин түүний амьдардаг хэсэгт 10-аад жилийн өмнөөс дахин төлөвлөлтийн тухай дуулдаж эхэлжээ. Газар хашаа, байшин сав юу байна бүгдийг нь, ганц тоосго байсан ч орхигдуулахгүй үнэлж орон сууц, дулаан грашаар солино гэсэн сайхан амлалтыг нь  санан санан наймаа тохирно хэмээн хүлээж байтал нөгөө дахин төлөвлөлт хийх компани төд удалгүй сураг тасарчээ. Бүр нэрийг нь ч тогтоож амжилгүй хоцров.

Дараа нь “Эрэл” компани дахин төлөвлөлт хийхээр болж хорооны байран дээр ухуулга таниулгаа эхэлж. Нэртэй төртэй компани юм чинь энэ ч зайлшгүй байх гэсэн хүлээлттэй байсан ч эцэстээ “их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэдэг шиг юм болов.

За, энэ дахин төлөвлөлт Мянгуужингийн үлгэр юм байна гэсэн бодолтой явж байтал дахиад нэг компани гарч ирэв. Бас нэг гадаад нэртэй, бүр сүүлдээ өмнөх Засгийн үеийн Хотын мэрийн хүүгийн компани болоод явчихав. За одоо ч баараггүй дээ, юун төлөө хотын даргын хүүгийнх билээ гэж байтал дахиад л сураг алдарчээ.  Түүнээс хойш 4 дэх компанийн тухай хэсэг яригдаж байгаад энэ асуудал мартагдаж амар сайхан жаргаад байна.  Ийнхүү гэр хорооллынхныг дахин төлөвлөлт нэрээр даажигнадаг, иргэдийн сэтгэл зүйгээр тоглосоор ирлээ.

...Очирсайханых бага насны хоёр хүүхэдтэй залуу гэр бүл. Хэдэн жилийн өмнө хоосон хашаа авч байшин барьж төвхнөжээ. Уул уурхайн нэгэн компанид ажиллаж байсан ч тэр компани нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Ингээд гарынхаа ур дүйг ашиглаж өөртөө ажлын байр гаргая гээд байшин саваа томруулж тохижуулахаар шийдсэн аж. Гэтэл хамар хашааных нь нөхөр удахгүй дахин төлөвлөлтөд орохоос хойш тэгж хөрөнгө мөнгө зарах хэрэг байгаа юм уу гэжээ. Үнэхээр ч хотын удирдлагууд “А” зэрэглэлийн газруудад дахин төлөвлөлт хийж өндөр байшин барих тухай цэнхэр дэлгэцээр яриад байгаа болохоор харзнаж хүлээхээр шийджээ. Тэгээд 2015 оноос хойш байр саваа ч тохижуулж чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа гэв.

Яг эднийх шиг Баасанхүүгийнх байшингаа дулаалж чадахгүй бас хүлээлтийн байдалд орчихжээ. Эх орны үйлдвэрийн базальтан хөвөнгөөр дулаалга хийхээр тооцоход бараг 4 сая төгрөг болохоор байгаа аж. Уг нь байшингаа дулаалчихвал түлээ нүүрсэнд хэмнэлттэй, ая тухатай баймаар. Гэтэл баахан мөнгө төгрөг зарцуулаад дулаалчихдаг, гэтэл ганц хоёрхон жил болоод дахин төлөвлөлтөд орчихвол яана аа гэсэн болгоомжлол хүлээлттэй сууж байна.  

Ирэх хавраас эхлээд түүхий нүүрс түлүүлэхгүй. Нүүрсний оронд сайжруулсан утаагүй түлш нийлүүлнэ гэж байгаа ч хэдэн жилийн өмнө түгээж байсан шиг илчгүй, нүүрсний хогийг  шавартай  холиод базчихсан түлш нийлүүлбэл гэр хорооллынхон осгож  бээрч мэднэ гэсэн  болгоомжлол их байна.

Гэр хорооллынхон ийнхүү хүлээлт дунд хэрхэхээ мэдэхгүй байна. Үнэхээр хотоос дэд бүтцийн шугам хоолойг гудамжаар нь татаад өгнө  гэвэл иргэд дэмжинэ. Шаардлагатай бол хөрөнгө санхүүгээ хамтарч гаргаж болно. Эсвэл нүүлгэж суулгах гээд байгаа бол эртнээс чиг зүгийг нь өгмөөр байна. Яах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдал эцэстээ иргэдийн ая тухтай байдалд ч өргөөр нөлөөлж байна. Ядахнаа  байшин саваа засч тохижуулж ч чадахгүй байна хэмээн гомдоллож байгаа нь  яах аргагүй бодох асуудал.

М.Нэргүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.