2025 оны 02 сарын 12
Мэдээ, мэдээлэл

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа “Тавантолгойн түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа. Хэмнэлтийн хуулийн дагуу тэрээр нэг жилийн гэрээтэй тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

- “Тавантолгой түлш” компанид нэг жилийн хугацаанд ажлын үр дүн хэр гарав. Ийм богино хугацаанд юу хийж амжуулав. Асуудал шийдэхэд хангалттай хугацаа байж чадав уу, арай бага цаг хугацаа юу, үгүй юу?

- Итгэж томилсон ажил болохоор цаг хугацааны урт, богино хамаагүй дээ. Хамгийн гол нь цаг хором бүрийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын ард гарах нь чухал. Мэдээж ийм богино хугацаанд асуудлуудыг өргөс авсан мэт шийдэхгүй. Гэсэн ч энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг зөв хандлага, зөв гольдролд нь орууллаа. Үндсэндээ компанийн засаглалыг зөв хэлбэрт нь оруулах гэж их хичээлээ гэсэн үг. Анхнаасаа “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлсэн учраас алдаа оноо байсан нь тодорхой. Тийм хэдий ч 2018 оноос хойшхи дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг шахмал түлшээр хангадаг үйлдвэр, бүтэц, хэрэглээг бол бий болгожээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 200 мянга орчим айл өрхийг шахмал түлшээр хангаж байна. Энэ бол компанийн үндсэн үүрэг. Үүнийгээ бол биелүүлж байгаа.

-Шахмал түлш гэж та ярилаа. Иргэд бол сайжруулсан түлш, утаагүй түлш гэж нэрлэдэг. Ингэж нэрлэж хэвшсэн шүү дээ?

-Утаагүй, сайжруулсан түлш гэж анхнаасаа ярьсан нь өрөөсгөл ойлголт болсон. Огт утаагүй түлш биш л дээ. Ер нь бол нүүрс. Нүүрснээс утаа гарч л таарна. Энэ талаар төгсгөл рүү хэлье. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын талаар эхлээд хэлэх юм байна.

-За ойлголоо...

-Тэгэхээр 2018 онд үйлдвэр анх байгуулагдахдаа, БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгэхдээ бүрэн автомажсан биш, гар тохиргоо олонтой, үндсэндээ бараг хэрэглээнээс гарч байсан шахуу дамжлагуудыг авчирч угсарсан юм байна.

-Техник, технологи талаасаа тааруу эхэлжээ гэж ойлгох уу?

-Техник талаас нь ярьж байна. Технологийн хувьд бол Энержи ресурсийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсарын нүүрс гэж ярьдаг, угтаа бол эрчим хүчний нүүрсийг авчирч нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахаж байгаа энгийн технологи. Тийм болохоор технологи талаасаа сайн, муу гэж ярих шаардлагагүй. Техник талаас нь яримаар байгаа юм. Ингэж зүйрлэе, Жип машин, УАЗ 469 хоёр адилхан машинууд, хүмүүс унаж ашигладаг биздээ. Тэгсэн хэрнээ хоорондоо айхавтар ялгаатай. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник, дамжлагууд нь яг ийм л ялгаатай техникийн шийдлээр явж байна. Гэхдээ Жип машинаар биш УАЗ 469 машинаар явж байгаа гэсэн үг. Их тааруу. 2020 онд Налайхад 600 мянган тонны хүчин чадалтай автомажсан үйлдвэр барихаар төлөвлөж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас хөрөнгө оруулж энэ үйлдвэрийг барьсан байдаг.

-Нөгөө зүүн бүсийн үйлдвэр гэж яригддаг, хамгийн том үйлдвэр нь үү?

-Тиймээ. Анх төлөвлөж байсан ТЭЗҮ-ийнхээ дагуу эхэлсэн. Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцлөөрөө автомажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй. Зорилго нь бол эхлээд баригдсан Баруун үйлдвэрээсээ хамаагүй и