2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Х.Баттулга Ерөнхийлөгч болон ТЕГ, АТГ-д хандлаа

Ардчилсан Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга болон АН-ын удирдлагууд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой холбоотой ноцтой баримтууд илэрснийг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал,ТЕГ-ын дарга Б.Хурц нарт хандлаа. Өнөөдөр нэр дэвшигч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар өөрсдийн биеэр очиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, АТГ-ын дэд дарга Нямдорж, ТЕГ-ын дарга Б.Хурц нарт уг шаардлагаа гардуулж өгсөн байна. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж,
АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал,
ТЕГ-ын дарга Б.Хурц,



Шаардлага хүргүүлэх тухай


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явагдахаар хуульчлан товлогдсон байгаа.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой холбоотой ноцтой мэдээлэл, баримтууд ил болсонтой холбогдуулан та бүхэнд хандаж байна.

МАН-ын улс төрийн ажилтан Г.Доржзодов, М.Өлзий нарын олон нийтэд дэлгэсэн 90 минутын аудио бичлэгт төрийн эрхийг хууль бусаар авах тухай, сонгуулийг луйвардах, хар машиныг Германы мэдээллийн технологийн том компанитай хамтран хакердах, сонгуулиар  тараах мөнгийг олохын тулд төрийн албыг “ирээдүйд олох ашгаар” нь үнэлэн зарах(авлига авах), гадаадаас сонгуульд зориулж мөнгө босгох, Монголын баялаг, орд газруудыг мөнгө өгсөн гадаадынханд найр тавих зэрэг агуулга бүхий ярианууд орсон агаад эл уулзалт ярианд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн биеэр оролцсон нь тодорхой боллоо.

Та бүхэнд хандахдаа би төрийн эрхийг хууль бусаар авах, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах, Үндэсний эв нэгдлийг сарниулах, иргэдийн захидал харилцаа, хувийн нууцад халдах, төрийн албанд авлигыг цэцэглүүлэх зэргээр Монгол Улсын хууль тогтоомжуудыг маш олон зүйл заалтаар зөрчсөн болох илэрхий энэ баримтын мөрөөр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарыг хуулийн болон иргэдийн хатуу хяналт дор мөрдөн шалгах, тэдний ярианд дурдагдсан германы мэдээллийн технологийн компанийн үйлдсэн гэх хууль бус үйлдлүүдийг илрүүлэх, цаашид энэ мэт хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох, энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Ингэхдээ би Үндсэн хуулийн дагуу Монгол Улс дахь аливаа сонгууль, улс төрийн үйл ажиллагаа  хуулийн дагуу явагдах учиртайг, хууль ёсны байх эсэхийг Та бүхэн хянаж, зохицуулж, хариуцлага тооцдог байх ёстойг сануулж байна.

Та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж энэхүү ноцтой хэргийг шалган нягталж, хэн нэгнийг хаацайлалгүй хариуг шударгаар өгнө гэдэгт найдаж байна.


Хүндэтгэсэн                     Халтмаагийн БАТТУЛГА
Ардчилсан намаас
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
 



Эх сурвалж: www.assa.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.