2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Утасны дугаараа харилцагч банкандаа мэдэгдэхгүй бол ЮУ БОЛОХ ВЭ?

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд банкны үйлчилгээг орон зай үл хамааран олон сувгаар, хүссэн цагтаа авах боломжтой болсон хэдий ч цахим орчинд та өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах нэн шаардлагатай. Тиймээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Хэрэв дансны мэдээллээ алдсанаас болж данснаас нь мөнгө гарах, эсвэл таны интернэт банк, картыг хэн нэгэн ашиглаж байгаа юм шиг сэжигтэй гүйлгээ хийгдэх тохиолдолд банкнаас тухайн харилцагчтай холбогдохын тулд бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаар  руу нь залгаж мэдээлдэг. Мөн та мессежээр гүйлгээний мэдээллээ авч байгаад гар утасны дугаараа солилоо гэж бодоход таны хуучин дугаарыг барих хүнд гүйлгээний мэдээлэл нь очсоор л байх юм.

Иймд та утасны дугаараа өөрчилсөн л бол харилцдаг банкандаа заавал өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчлэх нь МАШ ЧУХАЛ.

Тэгээгүй тохиодолд дараах эрсдэлүүд учирч болох юм. Үүнд:

  • ГАР УТАСНЫ ДУГААР: Дансны гүйлгээний мэдээллээ мессежээр авдаг тохиолдолд банканд бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол таны дугаарыг ашиглах дараагийн хүнд таны дансны мэдээлэл очсоор л байна. Тиймээс  гар утасны дугаараа сольсон л бол харилцдаг банкандаа заавал мэдэгдэж мэдээллээ шинэчлээрэй.
  • И-МЭЙЛ ХАЯГ: Та дансны гүйлгээний мэдээллээ и-мэйл хаягаараа авдаг байгаад банканд бүртгэлтэй хаягаа сольсон, ашиглахаа больсон тохиолдолд заавал өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчлүүлээрэй. Хэрэв тэгээгүй тохиолдолд таны дансны гүйлгээний мэдээлэл буруу хаяг руу очсоор, санхүүгийн залилан, луйвар, эрсдэлд өртөх боломжтой.
  • АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ: Банканд бүртгэлтэй ажлын байраа сольсон тохиолдолд та мөн харилцдаг банкандаа заавал өөрийн биеэр очиж ажлын байр өөрчлөгдсөн мэдээллээ шинэчлүүлэх ёстой юм. Энэ нь цаашлаад таны дансаар гарах гүйлгээ саадгүй дамжихад тустай юм.
  • ЗАЙЛШГҮЙ ХАРИУЛАХ: Мөн харилцагч банканд хандаж мэдээллээ шинэчлэх хүрээнд банк танаас хуулийн дагуу асуух ёстой асуултаа тавьдаг тул та цааргалалгүй асуултад нь хариулж байгаарай. 

Интернэт банк, и-мэйл болон ухаалаг утасны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

ИНТЕРНЭТ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ:

  • Хүчирхэг нууц үг ашиглаж хэвших.
  • Та интернэт банкны хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад задруулахгүй, дамжуулахгүй байх.
  • Та интернэт банкны үйлчилгээ авахдаа нууц үггүй шууд нэвтэрдэг, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээг ашиглахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь нээлттэй утасгүй сүлжээг цацаж буй этгээд болон нээлттэй утасгүй сүлжээнд буй өөр хэн нэгэн тухайн утасгүй сүлжээгээр дамжиж буй бүх мэдээллийг чагнах, замаас нь барьж авч болзошгүй юм.
  • Зайлшгүй шаардлагаар нээлттэй, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээ болон интернэт кафе зэрэг нийтийн ашигладаг компьютер дээрээс интернэт банк руугаа нэвтрэх тохиолдолд анхаарал болгоомжтой байж, хяналтын камерийн дуран таны компьютерийн гарыг бичих боломжгүй өнцөгт суух, интернэт банкны хэрэглэгчийн нэр, нууц үгийг вэб хөтөч дээр хадгалахгүй байх, интернэт банкны үйлчилгээг ашигласны дараа системээс гарсан эсэхээ сайтар шалгах ба вэб хөтөч дээрээс хандалтын түүхийг устгаж байх.
  • Интернэт банк болон аппликэйшнээр дамжуулан банкны үйлчилгээ авах үедээ ухаалаг утас болон компьютероо хараа хяналтгүй орхихгүй байх.
  • Өөрийн дансны үлдэгдэл, дансны хуулга зэргийг тогтмол хянаж, шалгаж хэвших. 

УХААЛАГ УТАС БОЛОН КОМПЬЮТЕРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ: 

  • Ухаалаг утас болон компьютертоо дэлгэц түгжих нууц үг хийх ба өөр бусад нэвтрэх нууц үгтэйгээ адилханаар үүсгэхгүй байх.
  • Ухаалаг утас болон компьютер идэвхгүй үед дэлгэц 30-45 секундийн дараа автоматаар түгжигддэг тохиргоог идэвхижүүлэх.
  • Ухаалаг утас болон компьютер дээр програм суулгахдаа ямар төрлийн зөвшөөрөл шаардаж байгааг анзаарах. Жишээлбэл: таны хувийн нууцлалтай холбоотой мэдээлэлд нэвтрэх эрх олгогдож байгаа эсэхийг шалгах.
  • Нууц үггүй шууд нэвтэрдэг, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээг ашиглахаас зайлсхийх, баталгаат сүлжээг ашиглах.
  • Ухаалаг утас болон компьютерийн “Bluetooth”-ийг ашиглаагүй үедээ унтрааж байх.
  • Ухаалаг утас болон компьютер дээрээ интернэт банканд нэвтрэх нэр, нууц үг, данс, картын дугаар зэрэг мэдээллийг хадгалахгүй байх.
  • Хэрэв ухаалаг утас болон компьютероо хулгайд алдсан бол интернэт банкны нууц үгээ нэн даруй солих эсхүл харилцдаг банкандаа хандаж, арга хэмжээ авах.

И-МЭЙЛ ХАЯГНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ:

  • Банк болон хууль хүчний байгууллагаас таны дансны нууц мэдээллийг хэзээ ч и-мэйлээр болон утсаар асуудаггүй тул дансны мэдээллээ задруулахгүй байх.
  • Интернэт банкны нэр, нууц үг, картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV дугаар, PIN дугаар зэрэг нууц мэдээллээ и-мэйлээр дамжуулахгүй байх.
  • Танихгүй, сэжигтэй этгээдэд өөрийн и-мэйл хаягаа өгөхгүй байх.
  • Өөрийн и-мэйл хаягаа олон нийтийн вэб сайт дээр ил харагдуулахгүй байх.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.