2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр бямба гаригт НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөнд оролцсон бол өчигдөр өглөө Ховд аймгийн соёлын ажилтын анхдугаар зөвлөгөөний нээлтэд оролцож, үг хэлжээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэхүү соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, Соёлын төвийн хөгжмийн багш, номын санчид болон аймгийн Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сангийн удирдлагууд, уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын төлөөлөл болох 170 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гадна Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУСГЗ Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт зөвлөмж өгч, амжилт хүслээ. Анхдугаар зөвлөгөөн өнөөдөр өндөрлөнө.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр үдээс хойш Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллажээ. Энэ үеэр Ховд аймгийн Мянгад сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзсан байна. Ирэх онд Мянгад суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг гэлээ.

Банзаржавын Баасанжавын нэрэмжит улсын тэргүүний сургууль 1930 онд байгуулагдсан. Өдгөө 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтад орсон. Спорт заалгүй. Нэг удаа урсгал засвар хийгдэж байснаас өөрөөр засвар хийгдэж байгаагүй аж. Сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүсчээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.