2024 оны 11 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Яндангаа хөөлж, пийшингээ шавардчихаад төрөө муул

Өнгөрсөн сарын дундуур Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудтай хамт тус дүүргийн 4 дүгээр хорооны зарим нэг айл өрхөөр орлоо. Дүүргээс галлагааны улирал дуустал ажиллах 10 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад ажиллуулж байгаа ажээ. Энэ бригадынхан  айл өрхүүдийн зуух,  пийшингийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийг шахмал түлш хэрэглэх аргад сургах үүрэгтэй. Шаардлагатай бол айлуудын янданг ч хөөлж өгнө.  Энэ нөхдүүд хэрхэн ажиллаж байгааг газар дээр нь үзэж харахаар  ийн явсан хэрэг.

Засварчид тус хорооны Арцатын гудамжны нэгэн айлын пийшинг ханан зуухтай нь холбохоор ажиллаж байхтай таарлаа. Зуухныхаа бүхээгийг ханан пийшин рүүгээ зүгээр шургуулчихсан, хажуу завсраар “заан” ч багтахаар шахуу зайтай юм. Ингэж битүүмжлэлгүй байх нь угаартахаас эхлээд оч цог үсрэх аюултай. Тийм учраас засварын хоёр залуу тэр хэсгийг битүүмжлэхээр гадаа шавар зуурч байхв.  Тэд тэр өдөр хоёр дахь айлдаа ирээд байгаа нь энэ байв. Өглөө нэг айлын пийшин хазгай байсныг тэгшилж,  ханан пийпин нь халахгүй байсан шалтгааныг тогтоож зассан гэцгээж байв.

Засварын бригадынхан хоёр хоёроороо таван хэсэг болон айл өрхүүдээр явж байгаа аж. Тэд шаардлагатай засвар үйлчилгээг хийж, хоёр ч айлын  янданг хөөлсөн тухай ярьж байсан.

...Өнгөрөгч амралтын өдөр Ногоон нуурын хажуудах задгай талбай дээр баахан хүмүүс сайжруулсан түлш савлаж байхтай таарав.  Тэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн оффисын ажилтнууд гэв. Өөрөөр хэлбэл,  төрийн албан хаагчид аж. Тэгээд амралтын өдрөөрөө сайжруулсан түлш савлаж буй нь энэ. Сайжруулсан түлш савлах 1.2 сая төгрөгийн цалинтай ажлын байрны зарлал тавиад цөөнгүй хонож байхад яагаад төрийн албаныхан нь ингэж түлш савлаад зогсч байгаа билээ хэмээн гайхвал “Зарлалын дагуу хүн бараг ирэхгүй байна. Ирсэн нэг нь ганц хоёр өдөр ажиллаад  сураггүй болчихдог” гэнэ. Тэглээ гээд гэр хорооллынхныг гал алдуулалтай биш, шаварт унасан шарын эзэн гэгчээр толгой компанийн албан хаагчид нь ийнхүү амралтын өдрөөрөө түлш савлаж байгаа нь энэ ажээ.

Арваннэгдүгээр сарын сүүлчээр  “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн төрийн 11, хувийн хэвшлийн есөн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн нийт 12201 шуудай, 305 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 163 айл өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлажээ.

2018 онд нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж,  41900 гаруй айл өрхийг 4.0кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд тухайн айл өрхүүдийн гаднах утас кабелийг үнэ төлбөргүй сольж өгсөн. Харин одоо зарим айл өрх "Манай гэрийн доторхи шугам цахилгаан халаагуур дийлэхгүй ээ,  засаг зардал гаргаад солиод өгнө байх"  гэсэн шүү юм яриад утаагаа саагиулж сууцгаана.

Саяхан Чингэлтэй дүүргийн 7-р хороонд  ашиглалтад орсон “Дэд бүтцийн төв” бүтээн байгуулалтын хүрээнд тухайн хэсгийн 270 гаруй айл өрхийн хашааг мөн л үнэ төлбөргүй сольж сайжруулахын хамт  гудамжийг нь засмал замтай болгосон.  Гэтэл зарим нэг айл халуун, хүйтэн ус,  бохирын шугамыг гэрийнх нь хаалга руу оруулж өгсөөр байтал гэрийн доторхи суултуур, ванн, халаалтын паар зэрэг санхтехникийн  хэрэгслээ бас улсаар авахуулах санаа  оноо илэрхийлж байсан гэх.

Дээр дурдсан жишээ баримтууд бол бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл, нийт нь нэгийн төлөө  гэх уриа дуудлагын биелэл юм. Гэр хорооллынхныг галтай дулаан байлгах гэж төрийн албан хаагчид амралтын өдрөөрөө түлш савлаад зогсч байна гэдэг сайны жишээ. Хэн нэгнийг угаартчих вий гээд айлын яндан хөөлж, зуух пийшинг нь засч янзлаад явж байна гэдэг яалт ч үгүй хүний төлөөх сэтгэл зүтгэл. Харин энэ бүхний цаана хэн нэгэн амаа ангайж, алгаа тосоод сууж байна гэсэн үг. Бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг чинь жинхэнэ дүрээрээ байж байгаа нь тэр.

Хэсэг бүлгийнхний  бэлэнчлэх сэтгэлгээний золиос болж, амралтын өдрөөрөө “торгуулж”, таньж мэдэхгүй нэгний янданг ухаж, хөхөө өвлийн хүйтнээр шавар зуураад зогсч байна гэдэг хэний төлөө, юуны юуны тулд билээ.

Хүн гэгч хэн нэгний өмнөөс амьдрах гэж хорвоод ирдэггүй. Амьдралынхаа хариуцлага, алдаа оноогоо өөрөө үүрэх учиртай. Тэгснээс Доржоор түлшээ бэлтгүүлж, Дондогоор яндангаа хөөлүүлж, Засгийн хөрөнгөөр ая тухаа хангуулах эрх дарх хэнд ч үгүй.

Тэжээлгэх тэтгүүлэх, өөрийн үүргийг өрөөлд үүрүүлэх, бусдын буянд булхалзах хүсэлтэй хүмүүс нийгэмд дэндүү олон болчихож. Энэ бүхэн бол бэлэнчлэх сэтгэлгээ биеллээ олчихсон явж байгаа гэсэн үг.

“Бэлэнчлэх”  хэмээх сэтгэлгээний ядуурал Монголыг үүл мэт бүрхэж байна.  Харамсалтай нь үүн дээр дөрөөлсөн улс төрийн попрол, тоглолтууд явагдаж,  буяны элч, бурхны дүрээр  иргэдийн сэтгэлд хоногших гэсэн улстөрчид цөөн биш болчихож. Энэ бүр харамсалтай.

Г.Хантулга  

 Эх сурвалж: Zaluu.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.