2025 оны 02 сарын 12
Мэдээ, мэдээлэл
ТАВХАН АСУУЛТ

/Шинжлэлт эсээ/
Нэг. Аварын жалганд буудуулдаг хэсгийг санаж байна уу? Тэр үхэх гэж байгаа юм. Тэгвэл Манлай баатар шоронд босоогоороо нөхцдөгийг санаж байна уу? Атгасан гарнаас нь хэдэн шагай цувран унаад л. Тэр бас үхэж байгаа хүн. Аль аль нь зөв гэж итгэсэн үйл хэргийнхээ төлөө тэмцсээр эцсийн ЦЭГ дээрээ хүрцгээж байна. Нэг нь шоронд нөгөө жалганд. Гэвч бидний ярьдгаар “газар тэнгэр шиг” ялгаатай үхлүүд. Олон жилийн өмнө Аварыг үхэхэд учиргүй баярлаж, Манлай баатарыг үхэхэд харамсан дуу алдаж суулаа. Хацар дээрээ хөндлөн сорвитой лам хар, цэрэг цуух нь ялгагдахгүй, том сахиус, хадаг яндар болсон хөөрхий Авар түүний нүдний хилэнт харц одоо ч сэтгэлд ургана. Дайсныг үзэн ядах биш ойлгох ёстой байж болохыг тэр харц хэлэхийг хүсчээ. Одоо санахад тэр харц хэлж үнэхээр чаджээ. Харин Манлай баатар Дамдинсүрэн эрэмгийн төрх, бас л мартаж болохгүй харцтай. Эр зориг, тэмцэл ялалтаар дүүрэн холын холыг ширтэн тогтох харц. Чухам тэр холын холд хамаг бүгдээ шингээсэн итгэл төгс шинж.
Манай онцгой найруулагч Г.Жигжидсүрэнгийн ”Хатанбаатар”/1981/ киноны хоёр дүрийг онцлон яриад байгааг минь анзаарсан бол би тэнэгдүүхэн байж мэдэх нэгдүгээр асуултаа тавих гэж байгаа юм. Яаж нэг кинонд нэг хүний нүдээр хоёр өөр харцыг бүтээх вэ? Гэтэл 100 кинонд тоглоод ч ганцхан харцыг бүтээгчид дэндүү олон. Зүгээр л дунд сургуулийн урлагийн үзлэгээр хошин гараанд тоглохыг хүчээр ноогдуулахад тэр ялныхаа ард гарах гэж арга ядаж байгаа ахлах ангийн хөвгүүн шиг. Нэг тийм хиймэл, өөртөө хүч хэрэглэсэн байдалтай дүрүүд бүтээчихээд алдар хүндийн зах зух руу авирч яваа тоглогчид. Эсвэл буруутайгаа нотлох гэж улайран зүтгэж тоглогчид. Гэтэл Авар киноны турш буруугүйгээ л ойлгуулах гэж амьдарна. Энд л асуултын минь хариулт, түүний хагас хугас нь оршиж байна.
Хоёр. Эгэрэг чааваас их хатныг амь алдахад тэсэлгүй дуу алдчихдаг даа? Тэр дуу алдах ёсгүй ч байсан байж мэднэ. Тайз дүүрэн хий дэмий орилоон биш үзэж суугаа бүх л үзэгчдийн зүрхэнд тулсан дуу алдалт. Суут Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг үзчихээд гарч явахад бүхэл бүтэн тэр л жүжгээс хөөрхий Эгэрэгийн харуусал мэдрэгдсээр байлаа. Яаж чихний хэнгэрэг тултал хашгирах бус зүрхэнд хүртэл дуу алдаж чадна вэ? Бас л нэг тэнэг асуулт. Даанч одоо олон тоглогчид сүртэй хашгирахыг л жүжиглэх хэмээн андуурч байна. Уг нь цагаа олсон, нөхцөл бүрдсэн хашгиралт буруу биш л дээ. Сэтгэлийн хүчтэй хуйлрааг хашгирахаас өөрөөр хэрхэн гадагшлуулах билээ. Үнэхээр оносон газар хашгирах сайхан. Хашгирах ч ёстой. Орилж чарлах ч хэрэгтэй. Нус нулимс бол мэдээж сулдаа асгарна. Яг тэр агшинг олж мэдрэхгүйгээр үзэгдэл бүхэн дээр л аахилаад л хашгираад байдаг дуу ихтэй тоглогчдыг Эгэрэгийн дуу алдалт нам дарж билээ. Одоогоос бараг хориод жилийн өмнө үзсэн ”Тамгагүй төр” жүжгээс авч гарсан тэр л ухаарал минь тайзан дээр тоглогч, АМЬДРАГЧ хоёрын асар том ялгааг надад ойлгуулсансан. Хувь тавилан гэдэг оноолт бус ердөө сорилт юм. Түүнээс бус Эгэрэг яалаа гэж дуу алдах билээ. Тийм л сорилт жүжгийн зөрчил болохыг таньж мэдээгүй тоглогчид ТӨР, ТАМГА, улс гүрний хувь заяа, төрийн эмгэнэл, мөхөл сүйрлийн шалтгаан дотроо тоглосон байж мэднэ. Харин Эгэрэг тэр бүхнээс гадуур хувь тавилангийн сорилт, түүний доторх зөрчлийг харуулах гэж амьдарсан юм. Авараас ялгаатай нь тэр өөрийгөө олох гэж амьдарсан дүр. Авар бол ойлгуулах л гэж хичээсэн. Ингэхэд зохиолчийг давж харах хэцүү. Давж хардаг найруулагч байвч жүжигчин ховор. Энэ л асуултын минь хариулт, гэхдээ хагас хугас нь.
Гурав. Жанжин Данзан бачимдсандаа цэрэг цамцныхаа энгэрийн товчийг яаж тайлдаг гэж санана. Зүгээр л дотроо шатаж байгааг гарын хөдөлгөөн хэлээд өгнө. Хэдийгээр үнэн түүхийг жаахан гуйвуулсан байж мэдэх тэр киног ”Намрын халуун өдрүүд” гэдэг. Жанжин Данзан мөн харанхуй шөнөөр цэргийн хороо зорьж яваад Форд чийчаан нь эвдрээд унтарна. Жолооч өвгөнөө зэмлээд цааш явган гүйдэг хэсгийг санаарай. Ямар ч тэвдэж сандарсан шинжгүй, цаг эргэж, бүх зүйл өөрийнх нь эсрэг болсныг ойлгосон ч итгэл найдвар нь хэвээрээ. Нөхцөл байдал бол яахав дээ өгөгдөл төдий зүйл. Харин мөн чанар бол огт өөр нөхцөл байдал. Ойлгосон хүний амьдрал. Найруулагчаас өгсөн шугам бол хувьсгаалын эсэргүй, гадны гар хөл болсон урвагч Данзанг харуулах байсан байж таарна. Харин киноны кадр бүхэнд үлдсэн Данзан бол дуусан дуустлаа өөртөө итгэлтэй байгаа төрийн зүтгэлтэн. Алдаа оноогүй хүн гэж хаа байхав дээ гэсэн уучлалыг үлдээх гэж цөхөрс