2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд төлөвлөгөөгөө 2,1 дахин давуулан биелүүлжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд хийж бүтээсэн ажил, үйл ажиллагааныхаа тайланг сэтгүүлчдэд тайлагнасан юм.  

Тайланд: “Эрдэнэс-Тавантолгой” ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгалаа. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөгөө 2.1 дахин давуулан биелүүлжээ.

2016 оны 1-р улиралд Чалко компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа. Харин Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн 2018 оны 8-р сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жорк стандартад шилжсэн дүнгээр 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IРО гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн 1-р шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн болсон.

Компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна. Мөн 2018 оны 5-р сард байгуулагдсан “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өглөө.

2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар, ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шөнийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгодог болголоо.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Таван толгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгсөн. Мөн 2020 онд Монгол улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж ажиллахаар болсон байна." гэлээ.

Уг мэдээллийн дараагаар сэтгүүлчид 1072 хувьцаа болон энэ оны 5 дугаа сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхгүй сайжруулсан түлш оруулж ирэхэд бэлтгэл ажил буву нөөц бүрдүүлэлтийн талаар сонирхож асуусан юм. 

Энэ жил "Эрдэнэс Тавантолгой" ХК ашигтай ажиллаж өөрийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж гадны өр зээлийг бүрэн барагдуулсантай холбоотойгоор ирэх 4 сард 1072 хувьцааны нэгж үнэ хэдэн төгрөгтэй тэнцэхийг тооцоолон гаргаж амь оруулна гэдгээ мэдэгдлээ. Мөн сүүлийн үед цахим ертөнцөөр ХУВЬЦАА ХУДАЛДАН АВНА гэх зар бол боломжгүй гэдгийг иргэдэд анхааруулсан юм. Учир нь одоогоор хувьцааны хувьд хаалттай бөгөөд харин бусад мэдээллийн хувьд нээлттэй ажиллаж байна. ТУЗ-ын хурлаар ирэх 4 дүгээр сард нэгж үнийг тогтооно тэр үед тус хувьцаа одооны нэрлэгдээд байгаа 933 төгрөг гэсэн тоо хаашаа хэлбэлзэхийг мэдэхгүй. Гэхдээ хувьцаа амь орсон үед тухайн хувьцаа бусад хөрөнгийн биржид өндөр үнэтэй бол иргэн зарах эрх нь бүрэн нээлттэй болох бөгөөд харин хувьцаа уналттай үед улс хувьцааны үнийг унагахгүйгээр иргэдээс худалдан авах эрх нээлттэй үлдэнэ хэмээлээ. 

Харин Улаанбаатар хотод ирэх 5 дугаар сараас түүхий нүүрс оруулахгүйтэй холбоотойгоор сайжруулсан түлшний нөөцийг бэлдэж байгаа бөгөөд энэхүү түлш нь бүрэн шаталттай төдийгүй утааг 50 түүнээс дээш хувиар бууруулна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.