Х.Янжингаажид: Т.Ганболдын хамаг бузар булай нь ил болмогц хүүхэд, хөрөнгийн маргаанаа УЛС ТӨРТЭЙ холбож, намайг явдалтай болгож байна
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын хувийн амьдрал олны хараанд өртөөд буй. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эхнэр Х.Янжингаажид өөр эрэгтэйтэй хувийн харилцаа үүсгэсэн учир дөрвөн хүүхдээ аваад, салж буй тухайгаа ярьсан. Өдгөө тэдний эл гэр бүлийн маргаан шүүх дээр хэлэлцэгдэж буй. Тэгвэл түүний эхнэр Х.Янжингаажид ийн хэллээ. Тэрбээр:
-16 ЖИЛИЙН ТУРШ, ДӨРВӨН САЙХАН ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ ХӨРӨНГӨ ХАМТ БҮТЭЭЛЦЧИХЭЭД, ЭЦЭСТ НЬ НАМАЙГ ЯВДАЛ СУУДАЛТАЙ БОЛГОЖ БАЙНА-
”Би өнөөдөр ийм юм бичихдээ тулж байгаадаа үнэхээр гутарч байна. 16 жилийн турш 4 эрүүл сайхан хүүхдийн аав ээж болж, 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хамт бүтээчээд хамаг бузар булай нь ил болмогц хууль ёсоор өөр дээрээ авах ёстой хүүхдүүд болон эд хөрөнгийн маргааныг маань улстөртэй холбож, намайг явдал суудалтай болгож буй нь хөх инээд, харуусал хоёрыг зэрэг хүргэж байна.
Ганболд бид хоёрын салалт шүүхээр үнэн зөв явж дуустал чимээгүй байя, таарч тохирохоо болиод салсан ч гэсэн хүүхдүүдийнхээ аавын нэр хүндийг бодоод олон нийт битгий хэл хамаатан садандаа хүртэл надтай яаж харьцдаг байсан талаар ч олон юм ярилгүй олон жил боллоо. Хөрөнгө биш хүнийх нь нэр үлддэг хорвоо шүү дээ уул нь. Бүх юмаа нийтэд яримаар байгаа бол ядаж үнэнээр нь БҮХ юмаа ярьцгаая даа Ганболдоо.
16 жилийн амьдралыг минь няцааж гэрлэлтийн баталгаагаа хүчингүй болгуулж, ах дүүсээрээ нийлж нялх үрээ аваад явсан намайг 1 жил гаран дээрэлхэж байхад би гоншигнож яваагүй шүү. Одоо харин тэсэшгүй нь.
Бидний амьдрал Ганболдын өвөөгийн нэр дээрх Сансарын тунелийн урд байдаг Микрийн жижигхээн хуучны 3 өрөө байранд 2005 онд эхэлж байв. Энэ үед Тордайн Ганболд гэдэг хүний нэр дээрээ зочид буудал битгий хэл 1 өрөө байр ч байгаагүй.
Сэхээтэн, боловсролтой, боломжтой айлын хүүхэд байсан би сайн аав ээжийн буянаар 11 наснаас хойш Герман, Швейцарьт сурч амьдарч ирсэн. Тухайн үед аавын бие таагүй байснаас болж Монголд ирж сургуулиа дуусгаж байв. Багаас биеэ дааж гадаадад олон жил амьдарсан, аав ээжийгээ зовоож мөнгө авахгүйн тулд 16 настайгаасаа ажил хийж эхэлсээн би. Герман хэлтэй тул орчуулга хийж, аялал жуулчлалын компанид хөтөч, барилга байшин, архитектурын сонирхолтой тул Барилга.МН сэтгүүлд ажиллаж, редактор, ерөнхий менежер хүртэл дэвшиж ажиллаж байв. Улмаар үл хөдлөхийн салбарт гүн шингэсэн байлаа.
-Т.ГАНБОЛД НАМАЙГ 22 НАСТАЙ ҮЛ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙХАД БАЙР АВАХ НЭРИЙДЛЭЭР АНХ ЭРГҮҮЛЖ ЭХЭЛСЭН-
Т.Ганболд нь намайг 22 настай үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр ажиллаж байхад байр авах зарах нэрийдлээр намайг анх эргүүлж эхэлсэн билээ. Надаас ах ч ажилсаг хөдөлмөрч, амьдралын ухаантай гэж бодон, надад халамжтай байсан тул таалагдаж бид үерхсэн. Гэвч удалгүй 2005 оны намар нь би Чех улсын засгийн газрын тэтгэлэгээр сургуульд явах болов. Харин Ганболд үүнийг мэдээд өөртэйгөө үлдэхийг ятгаж, дараа нь АНУ руу сургуульд явуулж өгье хэмээн хамтдаа эхлүүлсэн Корпорейтын төслөө дуусгахыг гуйсан. Би ч зөвшөөрсөн.
Үүнээс жил орчмын дараа буюу 2006 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гуайн заавар тушаалаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар тэр томилогдож Дарханд надаас тусдаа амьдрах болсон. Харин би Улаанбаатарт үлдэж бидний хамтдаа санаачлан эхлүүлсэн Баянгол зочид буудлын ард байрлах анхны Корпорейт зочид буудлыг хөрөнгө оруулагчаас нэмж мөнгө татан барьж эхэлсэн.
Ганболд бид хоёрын хамтдаа 2007 оны 5 сард нээлтээ хийсэн уг барилгыг 2 жил гарангийн турш би дангаар хариуцан, “бидний гэр бүлийн” төсөл хэмээн чин үнэнээр бодож бариулсан гэж бахархалтай хэлнэ. 2009 он хүртэл Дарханд амьдарсан Ганболд өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрнө, хөрөнгө оруулагч ч мэднэ, тухайн үеийн барилгын ажилчид, түүхий эд нийлүүлэгчид ч батална.
Анх барилга эхлэхэд орон сууцны төсөл болгоё гэж Ганболд хэлж байсан ч оюутан үеэс аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байсны хувьд Улаанбаатар хотод цэвэрхэн, тухтай, хотын төвд байршилтай, гоёмсог зочид буудал тухайн үед байдаггүйг мэддэг байсан тул зочид буудал болгоё хэмээн би санааг нь өгч байв. Гадаадад олон жил амьдарч байсны хувьд нэг удаа зараад ашиг авахаас илүү он удаан жил доллараар орлого олох эх үүсвэр гэж би харж байлаа. Ийнхүү би босгосон буудлынхаа анхны захирлаар нь 2007 оноос ажиллаж эхэллээ. Барилгын хүнд хүчир, хэл амтай ажил дуусч, буудлын тохижилт, үйл ажиллагаа жигдэрч, орлого ашиг орж ирдэг болмогц Ганболдын нагац эгч С.Отгондулам, үеэл дүү Б.Алтантуяа гэх мэт хамаатан садан нь бэлэн болсон бизнес дээр ажилд орцгоож эхэллээ. Би ч юм бодолгүй, хамаатан садны сэтгэл энгийн ажилтнаас илүү байна хэмээн баярлаж тэднийг найрсагаар хүлээн авсан.
-НАЙМАН САРТАЙ ЖИРЭМСЭН БАЙХАД ХЭДИЙН ӨӨР ЭМЭГТЭЙГ ЖИРЭМСЛҮҮЛЖ, ДОЛООН САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН БАЙСАН-
Гэтэл тун удалгүй зөвхөн амралтын өдөр Дарханаас УБ-т ирдэг байсан Ганболд бүх ажилчдын хурал зарлан надад огт мэдэгдэлгүй нагац эгч Отгондуламаа захирлаар тавьчихдаг юм байна. Барихаас ашиг өгдөг болтол нь буудлаа ажиллуулсан би эр нөхөр болж байгаа хүндээ ингэж анх удаагаа жийгдэж, ар нуруу руугаа хутга зоолгов. Бидний гэр бүлийн хөрөнгө хэмээн 1 төгрөг хэмнэх гэж хэрүүл хийдэг байсныг минь яана. 2 жил гаран нар шороог үл хайхран бүх цагаа зориулсан төслөөсөө ямар ч тайлбаргүй жийгдэх мэдрэмж ямар байдаг гээч? Жийсэн хүн нь чиний цалин өгдөг захирал биш харин чамд хайртай дуртай гээд унаж тусаад 2 жил нэг гэрт байсан хүн байхаар бүр ямар байдаг гээч? Хэлэх үг олдоггүй юм билээ. Тус хурлаас би юу ч хэлэлгүй гараад явсан. Ийм хүнтэй юу ч ярихав гээд би ээжийндээ бүх юмаа аваад очсон. Гэтэл араас хэдэн долоо хоног тайлбар хэлж аргадсан. “Чи чинь эзэн нь шүү дээ. Ахуйн ажлаар яах гээд байгаа юм бэ?”, “Гэртээ сууж бай л даа. Цаасан дээрх биш л захирлаа хийчих л дээ. Чи угаасаа л эзэн нь шд” гэдэг юм ярьж гэртээ буцаж ирэхийг аргадсан. Ийм өчүүхэн хандлагатай хүн гэдгийг нь нэгэнт мэдсэн тул гэрлээгүй дээрээ Сингапур руу амьдарч ажиллахаар шийдэн 2008 оны 6 сард ганцаараа явсан боловч очоод удалгүй 2 сартай жирэмсэн болсноо мэдсэн юм.
Нэгэнт бид салсан ч миний анхны жирэмслэлт байсан тул цаашдын эрсдлийг бодоод шууд авхуулж чадаагүй ээ яг үнэндээ. Юуг нь нуухав. Ингээд Ганболдод хэл дуулгасан. Тэр ч баярлан, надаас өчнөөн уучлалт хүсч намайг дундаа буюу Хонг Конгт уулзахыг гуйж гувшив. Хүний нутагт, гэрээсээ хол, ганцаараа, 25 26-хан настай эмэгтэй хүн салсан хүнээсээ жирэмсэн болсоноо мэдэх нээх сайхан мэдрэмж биш. Яг яах ёстойгоо мэдэхгүй хэдэн хоног гөлийсөн. Гэхдээ өдрөөс өдөрт дотор чинь бойжиж байгаа гэмгүй үрээ бодоод юу ч гэсэн аавтай нь уулзаж үзэхээр шийдсэн.
Хонг Конгт уулзахад тэрээр “Би чиний маш сайн хань болж чадна. Хүүхдэдээ үнэхээр сайн эцэг нь болж чадна” гэж намайг уярааж дөнгөв. Жирэмсэн хүний сэтгэл зүй цаанаасаа уян болдог юм билээ. Би түүний хэлсэн үг бүрт бат итгэж Монгол руугаа нүүлээ. Хамгийн сонирхолтой нь намайг төрөх дөхөөд тогооноос том гэдэстэй 8 сартай жирэмсэн байхад үед Ганболдын хүүхдийг гаргасан 1988 онд төрсөн Оюу гэх Орост сурдаг эмэгтэй 7 сартай Танан гэдэг охиноо тэвэрчихсэн манай Микрийн байранд ирж “Би Ганболдоос жирэмсэн болсон, үүнээс болж би нөхрөөсөө салсан. Оюутан, нөхрөөсөө салсан, орлогын эх үүсвэр байхгүй” гэж уйлаад надад Ганболдтой эр эмийн харьцаатай байсан гэдгээ үнэнээр нь хэлсэн.
Би яг үнэндээ итгээгүй. Надтай 3 жил хамт амьдарсан, надаас 10 гаруй ах, хүүхний хор нь гарсан гэдгээ байнга хэлдэг эр нөхөр маань арай ч ийм хоомгой зүйл хийхгүй, өөрөөсөө 20 гаруй дүү эмэгтэйтэй сексийн харилцаатай байна гэхэд үнэхээр итгээгүй. Тиймээс ч эцэг тогтоох шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийлгүүлэхийг Ганболд, Оюу хоёроос шаардсан. Хариу хэд хоногийн дараа ирэхэд харамсалтай нь ДНК-ийн шинжилгээгээр Ганболдын хүүхэд мөн гэдэг нь нотлогдсон юм. Худлаа гээд намайг шүүхэд өгдөг юм бол шинжилгээний бичиг нь надад одоо хүртэл бий гэдгээ санаарай Ганболдоо. Хэд хэд хувилаад ойрны хүмүүстэй өгсөн байгаа. Чи намайг алуулж хорлуулсан ч энэ бүх юмс гараад л ирнэ.
8 сартай жирэмсэн байхдаа ийм мэдээг сонссон би сэтгэл санааны гүн хямралд орж хэд хоног юу хийх ёстойгоо мэдээгүй. Эцэст нь адилхан эмэгтэй хүн, тухайн үед 20 настай, оюутан хүүхдийг хүүхэдтэй нь, харийн оронд хаяж хавчих хатуу сэтгэл надад үнэхээр байсангүй. Ганболдод хариуцлагаа үүрч Оюугийн ахуйг нь заавал шийдэж өгөх ёстой гээд цэнхэр өнгөтэй Nissan X-trail машин авч өгөн амьдрах байрны асуудлыг нь шийдүүлж өгч байсан. Уг нь бидний амьдралд ахиж гарч ирэхгүй гэж надад амласан ч харамсалтай нь намайг 3 хүүхдүүдтэйгээ Германд байх хугацаанд Ганболд Оюу далайн эрэг дээр хоёр аялж явж байсанг саяхан мэдсэн. Ийм л байна.
Би багаасаа л хайрын дунд өссөн айлын ганц охин. Эмэгтэй хүн эрээс болж хэзээ ч хохирч болохгүй гэж боддог. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байх ёстой л гэж боддог. Хичнээн миний нөхөртэй янаг амрагийн харьцаатай байсан ч тэр бүсгүй, хүүхэдтэйгээ хөсөр хаягдах ёсгүй гэдэг бодлын үүднээс л ийм шийдвэрийг гаргасан. Бид ярилцсан, дахиж хүүхэн шуухны асуудал байхгүй гэж тэр надад амлаж тангарагласан уул нь. Ганц удаа дахин боломж өгөөч гэж хэдэн долоо хоног гуйж явсан. Тэнэг би дахин түүнд итгэсэн. Эр хүн нэг алдаж болно хэмээн өршөөсөн. Гэтэл биднийг салсанаас хойших хугацаанд Ганболдод гэрлэлтээс гадна дахиад 2 эмэгтэйгээс 2 хүүхэд байгааг би олж мэдээд байна.
Сошиалаар түүнээс үнэнч, шударга хүн байдаггүй мэт имиджтэй экс нөхөр маань ийм л хүн байсанг мэдэх сайхан байгаагүй ч би энэ бүрийг ил болгоё гэж бодсонгүй өнөөдрийг хүрлээ. Гэхдээ чи өөрөө л түмнээр амьдралаа шүүлгэмээр байгаа бол одоо яахав дээ. Хамтдаа шүүлгүүлье.
Хувь тавилан уу, хувь заяаны шоглоом уу одоо намайг холбоод байгаа Бат-Эрдэнийн Танан найзтай маань ижил нэртэй, гэрлэлтээс гадуурх охин чинь бас Танан гэдэг нэртэй байх гэж. Инээдтэй юм даа. Үүнийг уншиж суугаа хүмүүст Солонгос киноны драма цаашаа санагдаж байгаа байхдаа. Гэхдээ Ганболд гэдэг хүний амьдрал ийм нь үнэн. Бузар явдалтай байсны чинь үйлийн үр хаалга андуурдаггүй гэж үнэн юм даа Ганболд минь. Би чамд бүтэн жилийн өмнө ийм асуудал яригдаж эхлэхэд л хэлж байсан. Карма гэж үнэхээр байдаг юм.
Би эдгээр нэрийг хэзээ ч гаргаж ирэхгүй, чиний нэр хүндийг хамгаалаад авсандаа авч орно гэж боддог байлаа. Гэхдээ чи өөрөө л эхэллээ. Би бас нэрээ хамгаалах эрхтэй. Овоо босгоогүй бол жаазгай юун дээр суух билээ.
Миний өөрийн охин төрснөөс хойш 3-хан сарын дараа би дахин жирэмсэн боллоо. Бүхнийг уучилж мартаад шинээр эхэлсэн гэж л би түүнд итгэн бодож явлаа. 2009 оны 6 сард Намбарын Энхбаяр ерөнхийлөгчөөс буумагц намар нь Ганболдыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс засгийн шийдвэрээр халсан.
Өрх гэрийн тэргүүн маань нэгэнт хийх юмгүй болсон тул эхний Корпорейтын санхүүгийн ашиг, амжилтыг хараад 2009 онд бид хоёр Нүхтийн Корпорейт буудлыг барихаар зориглож хөдлөв. Улаанбаатар хотод Тэрэлжээс ойр агаар сайтай, модтой, хүмүүс хүүхдүүдээ аваад салхилчих боломжтой газар Нүхт л байв. Одоогийнх шиг байр, хаусаар шаваагүй сэлүүхэн, агаар сайтай орчин байсан. Улмаар ганцхан жилийн дотор 5000 орчим метр квадрат амралтын газрыг барьж ашиглалт оруулж 2010 оны 10 сарын 1-нд нээлтээ хийж бөөн баяр болж байлаа. Үүний дараахан манай хамгийн том төсөл болох 20,000 метр квадрат Корпорейт Хотел энд Конвеншн Центрийн барилгыг ажлыг эхлүүлсэн.
Би биеийн байдлаас шалтгаалан Монголд төрөх боломжгүй байсан тул 2012 оны 1 сарын 6-нд өөрийн ээжийн хамт гурав дах хүүгээ Бээжинд өлгийдөн авсан. Учир нь Ганболдыг Энхбаярын хэрэгтэй хамаатуулан хилийн хориг тавьсан ба үүнээс 9 хоногийн дараа буюу 1 сарын 15-нд 461-р хорих анги руу ачсан юм.