2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Нутгаа хамгаалсныхаа төлөө бусдад зодуулсан Г.Тайванжаргалын өрөөсөн нүдний хараа муудаж, 25%-тай болжээ

Бид өмнө нь “Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал нутгаа ухуулахгүй гэснийхээ төлөө бусдад зодууллаа” гэх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж, засаг дарга Г.Тайванжаргалаас тухайн үеийн нөхцөл байдал, одоо тус суманд байгалийн өнгөт чулуу олборлогчдын нөхцөл байдал ямар байгаа талаар зарим асуудлыг тодруулсан юм. Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал өнгөрсөн нэгдүгээр сард хууль бусаар чулуу олборлогчдод шаардлага тавьсныхаа төлөө дөрвөн алба хаагчийнхаа хамт халдлагад өртсөн /зодуулсан/ байна. Үүнээс үүдэн түүний баруун нүдний ухархайн яс цөмөрч, нүд доошоо унаж хялар болжээ. Мөн нүдний цөцгий доошоо орж, хоёр хоног цус нь тогтохгүй байсан учраас Улаанбаатар ирж томографик зураг авахуулахад “нүүрний суурь яс цөмөрч, яс зөрсний улмаас нүдний булчин, судаснууд хавчуулагдсан” гэж оношилжээ. Улмаар түүний баруун нүдний хараа 25% болж, хүнд юм өргөж, удаан цагаар ажиллах боломжгүй болжээ. Мөн хүн харахад түүнйи нүд хэвийн мэт боловч нүдний суурь доошоо цөмөрсөн учраас хиймэл суурьтай болсон байна. Гэвч Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс түүний гэмтлийг “хөнгөн” гэж тодорхойлжээ. Тиймээс шүүхийн шинжилгээний хүрээлэнд хандсан ч түүний гэмтлийг мөн л “хөнгөн” гэж тогтоожээ. Нэгэнт шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс “хөнгөн” гэж тогтоосон учраас гэмт этгээдийг ердөө 350 мянгаас 1,2 сая төгрөгөөр л торгох эсвэл, хэдэн цаг албадан ажил хийлгэх шийтгэл ногдуулдах заалттай юм байна. Өөрөөр хэлбэл, нутаг усаа хамгаалж тэмцсэн засаг дарга харааны бэрхшээлтэй болж, эрүүл мэндээрээ хохироод үлдэж байхад хууль бусаар газар ухаж, шороо түүгээд басхүү хүнийг эрүүл мэндээр нь хохироогсод гэмт буруугүй шахам үлдэхдээ тулаад байгаа юм. Гэхдээ шүүх, хяналтын байгууллагын хариу хараахан гараагүй байна.

ӨНГӨТ ЧУЛУУ ОЛБОРЛОГЧДЫН УРШИГААР 131 ГА ТАЛБАЙ СҮЙДЖЭЭ

Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 500 гаруй иргэн Хэнтий аймгийн 5 суманд хууль бусаар чулуу олборлож байна. Зөвхөн Батноров суманд л гэхэд тэд 131 га талбайг сүйтгэжээ. Хууль бусаар чулуу олборлогчид ойролцоогоор 20-120 см гүнтэйгээр газрыг ухаж сэндийчдэг учраас гаүрын хөрсийг эргүүлч, шороо тоос ихээр босгодог байна. Тэдний түүдэг чулуу нь түгээмэл тархацтай учир газрын чийгийг алдагдуулж, гол горхи ширгэж, хур бороо татрахад хүргээд байгааг хэлж байна. Хууль бусаар чулуу түүж эхэлснээс хойш Хэнтий аймагт нэлээд гандуу зунших болсон талаар нутгийн иргэд ярилцах болжээ. Хамгийн харамсалтай нь, хууль бусаар чулуу түүж, газар нутгаа сэндийчигчдийг Зөрчлийн тухай хуулиар ердөө 200 орчим мянган төгрөгөөр л торгох зохицуулалттай аж. Харин Газрын хэвлийн тухай хуулиар шийтгэвэл 50 мянган төгрөгөөр торгодог байна. Гэвч торгуулийн мөнгөө төлчихөөд л явж чулуугаа түүдэг байна. Уг нь 2015 онд Хэнтий аймгийн ИТХ-ын тогтоол гаргаж “Хэнтийн аймгийн нутаг дэвсгэрт байгалийн өнгөт чулууг түүх, олборлох, хадгалах, тээвэрлэхийг бүрэн хориглосон” байдаг. Гэвч 2016 онд сонгуулийн жил тохиож, байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлох асуудлыг огт анхаарахаа байжээ. Тиймдээ ч өнөөдөр хууль бусаар чулуу түүгчид ийнхүү гаарах болсон байна. Тиймээс энэ асуудалд төр засгаас анхаарал хандуулж, хууль хяналтыг чангатгах журмаар нэг мөр шийдвэрлэж өгөхийг нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргааныхан хүсч байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.