2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Солонгосыг зорих хүсэлтэй залуусын цуваа үргэлжилсээр...

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэлсэн билээ. Гэвч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуу өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.

Улсын хэмжээнд 9 дүүрэг, 21 аймагт энэхүү бүртгэл явагдаж байгаа бөгөөд эхний өдрийн байдлаар иргэд ихээхэн бухимдалтай байлаа.

Тэд “олон хоног шөнө өдөргүй зогсож байхад бүртгэл эхлэхэд хаанаас ч юм хүмүүс нэмэгдэж, урдуур дайрч орж байна. Урдуур өөр хаалгаар оруулж байна гэх мэдээлэл бидэнд байна. Олон хоног дугаарласан хэдий ч өглөөний 11 цаг болж байхад ороогүй байна. Хаана юу болж байгаа нь толорхойгүй, зохион байгуулалтгүй байна” хэмээн бухимдах иргэд олон байлаа.

Энэ жилийн хувьд 2000-3000 хүнийг БНСУ руу гэрээгээр ажилтнаар авах аж.

Та бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Мөн бүртгүүлэхээр ирж буй иргэдийн хэлний мэдлэг дундаж төвшнөөс дээш байх шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулсан. Учир нь Солонгосын тал тухайн шалгалтыг авдаг учир хэрэв хэлний мэдлэггүй бол бүртгэлийн хураамж 24 доллар буюу 60000 төгрөг хий дэмий төлөөд хохирох эрсдэлтэй гэдгийг давхар сануулсан юм.

Уртаас урт дараалал үүсгэн зогсох эдгээр залуусыг буруутгах аргагүй юм.

"Гуравхан сая иргэнээ ийм дорой, аргаа ядсан байдалд амьдруулж буй төр засгийн л буруу. Хэн ч гэсэн Монголд олон шалгуур давж, хэдэн сар цалингүй дагалдан байж 400-600-хан мянган төгрөгийн цалин авахыг хүсэх билээ. Харин БНСУ-д очиж сардаа сая 500 мянгаас 2 сая 500 мянган төгрөгийн цалин авч, амьдралаа дээшлүүлэхийг бодно биз дээ. Монголд үнэндээ ажил олдохгүй. Олдсон ч цалингаа өгөхгүй. Авсан цалин нь амьдралд хүрэхгүй, өнөө маргаашаа л болгож, үлгэн салган амьдарч байна. Банкны зээлгүй айл гэж алга. Өвөл нь утаа, зун нь өмхий үнэрт угаартсаар цөөхөн хэдэн монголчууд үхэж байна. Үр хүүхдээ сайн сайхан амьдруулмаар байна” гэж бухимдах иргэд олон байлаа.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх тоо баримт байдаг. Гэсэн ч харь улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ.

“Манай ах Солонгост гэрээгээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө ирсэн. Даанч ирээд бас л ажил олдохгүй. Тэгээд ч тэнд өндөр цалин авч байсан хүмүүс энд ирээд цалингаа голдог юм билээ. Тэгээд буцаад явсан даа” хэмээн хорь гаруй насны залуу ярилаа.

Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсхүл цалингаа өгдөггүй, авсан цалин нь амьдралдаа хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна гээд Монголд амьдрахад зовлон олон байна. Өнөөдөр Монголд бусад орнууд шиг дайн тулаан, аллага хядлага болоогүй. Гэсэн хэдий ч иргэдийн амьдрал туйлдаа хүрч Монголоос гарах ямар л боломж бололцоо байгааг хайж байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.