2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
ХОРООНДОО БҮРТГЭЛТЭЙ ӨРХ БҮР ТҮЛШНИЙ КАРТАА АВАХ ЭРХТЭЙ

-КАРТААР ОЛГОХ ШАХМАЛ ТҮЛШ ТОНННЬ 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Засгийн газраас түүхий нүүрс ахуйн хэрэглээний зориулалтаар Улаанбаатар руу нэвтрүүлэхийг хориглож, хэрэглэсэн айл өрхийг 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Тус компанийн борлуулалтын мэргэжилтэн Ш.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлчүүд энэ жил шахмал түлшийг хэрэглээндээ бүрэн нэвтрүүлж байна. Уг хэрэглээнд зориулж танайхаас тарааж буй картны талаар тодруулахгүй юу?

-Юуны өмнө энэ карт төлбөрийн систем биш. Харин хяналтын карт юм. Картыг үнэ төлбөргүй тараана. Хороодтой хамтарна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд сайн дурын 4600 ажилтан байдаг. Тэдэнтэй хамтарч картаа тараана. Энэ картаар гурван тонн түлш худалдан авах эрхтэй.

Карт тарааж байгаа нь хоёр шалтгаантай. Нүүрсний ченж нар их хэмжээгээр шахмал түлш аваад цааш дамлаж, үнэ өсгөж зарах эрсдэлтэй байдаг. Тиймээс үүнээс сэргийлэх, худалдааны цэгүүдэд хомсдол үүсгэхгүй, хэн нэгэнд давуу эрх олгохгүй гэдэг үүднээс карт тарааж байгаа. Хоёрдугаарт, хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг хянах боломжтой. Манайх жилд хэчнээн тонн түлш хэрэглэж байна, хэчнээн төгрөг зарцуулав гэх зэргээр хэрэглээгээ хянахад карт баримт болно.

-Шахмал түлшийг илч муутай гэсэн яриа байна. Нэг өвөл гурван тонн түлш хүрэлцээтэй гэсэн тооцоог хэрхэн гаргасан бэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлдэг байхад 1.2 сая тонныг хэрэглэдэг байсан. Шахмал түлшний хувьд энэ хэрэглээг хоёр дахин бууруулахад нийслэлчүүдэд хүрэлцэнэ гэж үзсэн. Энэ бол судлаачдын гаргасан тоо. Өөрөөр хэлбэл, өвөл 4-5 “Портер” буюу 6-7 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан айлууд гурван тонн шахмал түлшээр өвлөө давах боломжтой гэсэн тооцоо юм. Магадгүй тухайн айлын зуух, байшингийн дулаалга зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хэрэглээ янз бүр байна. Гурван тонноос ихийг ч хэрэглэж мэднэ. Хүрэхгүй бол хэрэглээний эрхээ сэргээлгээд түлшээ нэмүүлээд явж болно.

-Үнэ ханш, савлагааны тухайд тодруулахгүй юу. Жижиглэнгээр болон бөөнөөр авахад үнийн ялгаа үүсэх үү?

-Нэг тонн нь 150 мянган төгрөг. Гурван тонноор өвлийг давна гэвэл 450 мянган төгрөг болно. Түлшийг нэг тонн болон 25 кг-ын савлагаатай борлуулна. 25-кг-ын савлагаатай нь 3750 төгрөг байна. Энэ бол үйлдвэрийн үнэ. Яг энэ үнээр борлуулалтын цэгүүдээс хэрэглэгч авна гэсэн үг. Жижиглэн авсан, бөөнөөр авсан ч үнийн ялгаа байхгүй. Манай түлшийг худалдаалж байгаа гэрээт цэгүүд орлогынхоо тодорхой хувиар цалинжаад явна.

-Шахмал түлшний нөөц хэр хангалттай байгаа вэ?

-Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 200 мянган тонныг үйлдвэрлэж, нөөцлөөд байна. Түлш үйлдвэрлэх түүхий эдийг хангалттай нөөцөлсөн байгаа. Өнөөдрийн байдлаар 800 мянган тонныг нөөцлөөд байна. Энэ жилдээ сая тонныг нөөцөлнө гэж төлөвлөсөн байгаа. Борлуулалтын цэгүүдийн хувьд 200 гаруйг нээгээд, түлшээ хүргээд, гэрээгээ байгуулаад явж байна. Ер нь нийслэлийн хэмжээнд 500 гаруй цэг байгуулна гэж төлөвлөсөн. Гэхдээ иргэдээс хамтран ажиллах хүсэлт их тавьж байгаа. Шаардлага хангасан хүсэлт гаргагч бүртэй хамтран ажиллана. Байрлал сайтай, битүү агуулах савтай байх гэсэн шаардлагууд бий.

-Танай шахмал түлшийг хадгалах горим бий юу. Мөн хэрхэн галлах вэ?

-Хадгалах горимын хувьд нүүрстэй ижил. Чийг авахуулахгүй, нарны хурц гэрлээс хол, битүү саванд хадгалах ёстой. Зун иймэрхүү байдлаар хадгална. Өвөл харьцангуй гайгүй. Галлагааны горим гарсан байгаа. ШУТИС-ийн дэргэд зуухны төв лаборатори гэж бий. Тэнд олон удаагийн туршилт хийсэн. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар төслийн зууханд бол түлшээ хийгээд дээрээс нь галлана. Уламжлалт зуух байвал түлшээ хийгээд дээрээс нь мод шатах материалаа хийж асаана.

Г.БАТЗОРИГ

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.