2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Хөөрхий дөө, хэдэн музей минь

Манай соёл урлагийнхны нүүрэнд бяцхан гэрэл тусав. Юу гэвэл саяхан Ерөнхий сайд маань нэг сайхан музей, театр хоёр барьж өгье гэлээ. Улмаар Засгийн газар тогтоол гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, спортын сайдаа дагуулаад музей, номын сангаар зочилж, хотын дарга газар олж өгөхөөр үүгээр түүгээр явна.

Ашгүй Үндэсний урлагийн их театр барих газрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олов. Сүүлийн 30 жилд гялтайх байр савны бараа хараагүй бидэнд бол ч олдошгүй сайхан мэдээ. 
Музей барих газар одоогоор олдоогүй байгаа бололтой. Үйл ажилллагаагий нь зогсоогоод байгаа Байгалийн түүхийн музейн газраа зараад мөнгийг нь шинэ музейдээ оруулах тухайд салбарын Сайд маань ярьж харагдав. Тэр дэмий. Мөнгө олдоно. Газар олдохгүй. Кино театр, номын сан, соёлын төв гээд өч төчнөөн байшин саваа газартайгаа алдаж хаширсан улс аа, бид. 
Ер нь музей, номын сан, театр хотынхоо төв хэсэгт байх нь илүү тохиромжтой байдаг. Харин "Байгалийн түүхийн музей" бол Богд уулын аль нэгэн аманд юмуу байгаль дундаа байж болох юм. 
Музей гэснээс цээж хөндүүрлүүлж явдаг хэдэн үгээ дашрамд дайсугай. "Байгалийн түүхийн музей"-н зураг төслийг хийж, энэ ажлыг даруй эхлүүлэх гэж байгаа бол хамтад нь "Монголын музейнүүдийг шинэчлэн зохион байгуулах нэгдсэн хөтөлбөр" боловсруулж, цаашдын засгийн газруудын баримтлах хөдлөшгүй баримт бичиг болгох нь зүйтэй болов уу? Учир нь манай музейнүүдийн барилга байшин шаардлага хангахгүй болж дэглэлт, үзүүлэлт тоног төхөөрөмж, орчин нөхцөлийн хувьд XXI зууны хөгжлөөс дэндүү хол хоцорсон билээ. 
Голлох зарим музейнүүдийнхээ байдлын талаар санал солилцсу.

1. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ. Хуучин тогтолцооны үед "Хувьсгалын музей" хэмээн барьж байгуулсан энэ "бяцхан" байр маань "Үндэсний музей" гэх том нэрэнд үнэндээ "жижигддэг". Аливаа улс орны Үндэсний музейн жишигтэй харьцуулж бодоод гадны хүн дагуулаад ороход тосгоны музейтэй адилтган бодож байгаа болов уу? хэмээн бодоход яс хавталздаг юм. Томруулан өргөтгөх боломж харагдсаар байдаг. Харамсалтай нь баруун талд нь хааж тулгаад Тагнуулын төв газрын сүрлэг том байшин босоод хөөрхий музей маань бүүр ч навтайгаад барааны хайрцаг шиг юм хажууд нь сүрэнд дарагдав. Ар тийш нь сунгах боломж байсан боловч "Хуульчдын ордон" хаагаад барьчихсан. Газар доогуур юмуу, агаараар одоогийн Байгалийн музейн барилгатай хонгилоор холбоод томсгох боломжийг судлахад илүүдэхгүй болов уу? Үндэсний музей маань үзмэрийнхээ дөнгөж 10 хувийг үзүүлж бусдыг байр савны эрхээр хав дарсаар байдаг! Үзмэр нь агуу, сав нь даанч өчүүхэн.
2. ЗАНАБАЗАРЫН нэрэмжит ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ
Амбасын үеийн өндөр хоршоо. Дэлгүүрийн зориулалттай, музейн шаардлага хангахгүй энэ байшинд аугаа их Өндөр гэгээний суут бүтээлүүд болон бүх цаг үеийн урлагийн гайхамшигууд эрсдлийн ирмэг дээр байна. Цаг алдалгүй нүүлгэн шилжүүлэх буюу шинэ байр шаардлагатай музейн тэргүүн эгнээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей ээлжээ хүлээгээд зогсож байна. 
3. БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ. Харин Байгалийн музейг бол Богд уулын аль нэгэн аманд байгуулахад тохиромжтой. Үлэг гүрвэл, өвс ургамал, ан амьтад, эрдэс чулуулаг гэх төдийгүй, байгаль хүн хоёр шүтэн барилдаж аж төрж ирсэн түүх хийгээд нүүдлийн амьдрал, мал аж ахуйн түүх соёлыг харуулсан ПАРК МУЗЕЙ болговол үзэгчид, аялагчид үл тасарна. 
4. Уугуул төрхөөрөө хадгалагдаж үлдсэн Богд хааны ордоны музей, Чойжин ламын сүм музей хоёр маань л Монголын музейн нүүрийг тахалж байна. Гэсэн ч замбараагүй хот төлөвлөлт, газар олголт, газрын наймааны улмаас өндөр барилгуудын дундаас цухуйхаа ч больж байна. Чойжин ламын сүм музейн зүүн талд гуравхан алхамын зайд барьсан өндөр барилгын цонхоор сахилгагүй нэгэн тамхины үнс унагаачихвий дээ хэмээх харах болгондоо айн түгшин явдаг боллоо... 
5. ҮНДЭСНИЙ УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ. ТЕАТРЫН МУЗЕЙ хоёр нийслэл хотын өмч болох Соёлын төв өргөөнд түрээс төлж хоргоддог. Хөөрхий, театрын музей бол барилгын хүзүүвчинд. Том театр барих аваас тэнд музейн зориулалттай талбайг төлөвлөх хэрэгтэй юм. "Уран зургийн галерей"-н сан хөмрөг нь доод давхарын сантехникийн сүлжээ бүхий зориулалтын бус газарт хадгалагддаг. 2009 онд тэнд гал гарч 200 гаруй уран зураг үнс нурам болсон боловч төрийн юм үнэгүй гэдэг шиг тэгсгээд хариуцлага хүлээх эзэнгүй нам дарагдсан...
6. Монгол Улсад дараах музейнүүд үгүйлэгдэж байна. Үүнд: "УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ", "БИЧИГ СОЁЛЫН МУЗЕЙ", " АРХЕОЛОГИЙН МУЗЕЙ", "ШАШНЫ МУЗЕЙ" гэх мэт. Өндөр гэгээн Занабазарын суу билиг, уран барималын гайхамшигийг өнөөдөр дэлхий даяар шагшиж гурван зууны тэртээд хүний гараар бүтсэн гэхэд итгэмгүй хэмээн шуугьж байна. Иймд ЗАНАБАЗАР болон түүний сургуулийн хийцийн урлалаар дагнасан музей байгуулмаар байна. 
Тэрчлэн Ц.Дамдинсүрэн гуайн гэр музейг эс тооцвол монголын түүхийн сод хүмүүсийнхээ алдрыг мөнхжүүлэх гэр музей мэт хүн төрөлхтний соёлт уламжлал бараг тасарсан байна. Хувийн музейг төрөөс хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй.
Монголд сая жуулчин авах мэтээр аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаа бол музейнүүдээ өөд татах хэрэгтэй. Хүүхэд залуус, хүн ардынхаа чөлөөт цагийг соёл гэгээрлийн зүгт хөтлөе гэж байгаа бол музей соёлыг тэтгэх шаардлагатай. 
Орчин үеийн музейнүүд нь соёл амралтын төв төдийгүй, оюутан сурагчдын хичээл сургалтын газар, бүх нийтийн танин мэдэхүй, амралт чөлөөт цагийн ариун дагшин газар болон хөгжиж буй тэр жишгээр музейнүүдээ дэс дараатай хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. 
Сүүлийн хориод жил музей өв соёлоо өөд татая хэмээн олонтаа үзэг цаас, хэвлэл сонины зай талбайг барж, хурал чуулганы индэрт хашгираад бараг цөхрөн бараад байсан энэ үед Ерөнхий сайдын мэдэгдэл ийнхүү өмнөх олон бичвэрээ үргэлжлүүлэх боломж олгосонд баяртай байна.

“Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.