2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Ц.Цэцэнзориг: “Уул уурхайгүй Хөвсгөл”-ийг бүтээхийн тулд аялал жуулчлалаа илүү хөгжүүлэх ёстой

Сүхбаатарын талбайд ирэх  сарын 15, 16-ны өдрүүдэд болох “Хөвсгөлийн өдрүүд-2023” арга хэмжээний талаар Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригтой ярилцлаа.

-Хөвсгөлчүүд ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Сүхбаатарын тал­байд цуглаж “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байгаа юм байна. Яагаад энэ арга хэмжээг зохион байгуулах болов гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Хөвсгөл нутгийн хувьд хамгийн олон хүн амтай аймаг. Байгалийн баялаг ихтэй ч уул уурхайг бус аялал жуулчлалаа түлхүү хөгжүүлэхийг зорьж байгаа.  Хөвсгөлчүүд гол орлогоо мал аж ахуй, аялал жуулчлалаасаа олдог. Цаашид аялал жуулчлалаа илүү хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, олох орлогоо нэмэгдүүлэх, зорилгоо зөв тодорхойлж, хамтын ажил­лагаагаа өргөжүүлэх  шаардлага бидэнд бий.  Тиймээс Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, аймгийн Засаг дарга, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтарч “Хөвсгөлийн өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Улаанбаатар хотод байгаа хөвсгөлчүүд, хөдөө орон нутгаас аймгийн Засаг даргын Тамгын газар, сум, орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчдээ урьж аймаг орон нутгаа сурталчлах, Хөвсгөл аймгаас гаралтай бизнес эрхлэгч, компаниудын бараа, бүтээгдэхүүнийг  хэрэглэгчдэд танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой. Энэ үеэр дан ганц үзэсгэлэн худалдаа зохион байгуулаад зогсохгүй “Хөвсгөлийн ирээдүй” форум хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгаас ирсэн иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, асуудлаа ярьж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хайхыг хүсэж байна. Засгийн газраас  зарласан Шинэ сэргэлтийн бодлого үр дүнгээ өгч байгаа. Залуучууд хөдөө орон нутагт амьдрах хүсэлтэй байна. Гэвч яг бодит дэмжлэг, бодит ажлын байр хэрэгтэй байгаа. Тиймээс бид ажлын байрны мэдээлэл өгөх, идэвхтэй ажил хайгч залуучуудаа бүртгэн, тэднийг ажлын байранд зуучлах зорилготой хөдөлмөрийн бирж ажиллуулна. Номын худалдаа, урлаг соёл, спортын арга хэмжээ гээд олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаа.
-“Хөвсгөлийн өдрүүд-2023”  ямар боломжийг олгож байна вэ?
-Хөвсгөл аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ үйл ажиллагааны хүрээ чиглэнэ. Үүгээрээ Хөвсгөлийн өдрүүд уламжлал болсон бусад “Ургацын баяр”, “Цагаан идээний баяр”, “Номын баяр” гэх мэт талбайн арга хэмжээнээс арай өөр болох болов уу гэж бид харж байгаа. Хөвсгөл аймгийн сумдын хаяг, шошготой брэнд бүтээгдэхүүнүүд сонгогдоод нэгдсэн журмаар наашаа ирнэ. Нийт 100 асарт Хөвсгөл аймгийн сумдаас болон Монгол орон даяар суугаа хөвсгөлчүүдийн ААН, тэдний бүтээсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн туршид гарна. Мөн мэргэжлийн хуульчид, эмч эмнэлгийн ажилтнууд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, багш сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн сургууль, сургалтын байгууллагаа танилцуулах юм. 
-Хөвсгөлийн өд­рүүдээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Энэ арга хэмжээнээс бүтээлч санаачилга, бүтээлч үр дүнг бид хүлээж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх захиалга хийгдэж, олон хүнд  үйлчилгээ авах боломж олгохыг зорьж байгаа. Ажил хайж байгаа залуучууддаа тусалж, тэднийг ажлын байртай, тогтмол орлоготой болгохыг хүсэж байна. Хөвсгөл нутагт ажиллаж амьдардаг бизнес эрхлэгчдэдээ орлогоо нэмэгдүүлэх боломж олгохыг чухалчилж байгаа юм. Цаашид Хөвсгөл нутгийг хөгжүүлэхийн тулд зам, харилцаа, эрчим хүчний тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг гарц гаргалгааг хайж байна.
-Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал, жуулчлалын гол бүс нутаг. Хөвсгөлчүүд цуглана гэхээр аялал жуулчлалын талаар багагүй яриа өрнөх, мөн аялал жуулчлалын компаниуд олноор оролцох байх гэж бодогдож байна?
-Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хөвсгөл аймгийн байгаль, түүх, соёлын өв, орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын аялагч жуулчдад сурталчлан таниулахад нутгийн зөвлөл манлайлан, орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд, жуулчны баазууд өргөнөөр оролцоно. Жуулчны баазууд хөнгөлөлт боломжуудаа танилцуулж энэ жил, дараа жил ирэх зочдодоо хөнгөлөлт урамшууллаа танилцуулна. Мөн аялал жуулчлалыг тойрсон яриа, хэлэлцүүлгүүд өрнүүлж Хөвсгөл нуурыг тойрсон аялал жуулчлалын бизнесийг тэлэхийн тулд хамгийн түрүүнд юунд анхаарал хандуулах талаар хэлэлцэнэ. Хөвсгөл аймгийн хөгжлийг тодорхойлох “Уул уурхайгүй Хөвсгөл” гэдэг чиг зорилтыг “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлоготой хэрхэн уяж ажиллах вэ гэдэг тун чухал. Энэ агуулгаар бид сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж алслагдсан бүс нутаг, сум суурингуудад сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг байгуулж ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Үүгээрээ дотоодын аялагчдад болон гадаадын жуулчдад үзүүлж, харуулах жишиг болгох ёстой. Ингэснээр жилийн дөрвөн улиралд аялагч жуулчдыг авч сум орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргаа дээшлэх, нутаг орон хөгжих боломж нөхцөлөөр хангагдах юм. Хөвсгөл аймгийн хувьд эрчим хүчний асуудал тулгамдсан асуудлын нэг. Саяхан Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны дүн гарсан. Энэ судалгааг харахад эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс хөвсгөлчүүд нийлж нэгдээд байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологиудыг судалж, инновацыг нэвтрүүлэх талаар ярьж байна. Хэсэг залуучууд судалгаа хийгээд сэргээгдэх эрчим хүчний компани байгуулъя, хөвсгөлчүүд нэгдэж, нийлж, хувьцаат компанийг босгоё гэсэн санал гаргаад байгаа.  Бас нэг олзуурхууштай нь  энэ арга хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хувьцаат компани гаргах, иргэдийг нээлттэйгээр оролцуулах асуудал яригдана.  Яг Хөвсгөлийн бизнес, Хөвсгөл нутагт тохирсон орон нутгийн онцлог шинжийг агуулсан бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулж байгаагаа Хөвсгөл нутгийн Нацагдорж гэдэг залуу танилцуулна. Энэ сангийн хөрөнгөөр хөвсгөлчүүд болон Хөвсгөлийн хөгжил дэвшилд зориулах бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллана гэдэг сайхан санаачилга гаргасан. Энэ бол маш үр дүнтэй санаачилга. 
Аялал жуулчлалыг тойрсон дараагийн нэг асуудал бол дэд бүтэц. Дэд бүтэц гэдэг маань эрчим хүч. Хөвсгөлчүүд дээр дурдсан эрчим хүчний хамтарсан хувьцаат компани байгуулснаараа санхүүгийн чадамжтай болж дараагийн төслүүдээ хийх боломжтой болно гэж харж байгаа. 
-Хөвсгөл нутгийг гаднынхан төдийгүй дотоодын аялагчид ч их сонирхож очдог. Гэвч зуны саруудад аялал жуулчлалын оргил үед ачааллаа даадаггүй нь анзаарагддаг?
-Тийм ээ, үнэхээр олон асуудал бий. Зам нь түгжирдэг, олон зуун км зам туулаад очсон хүн орох газар битгий хэл идэх хоолгүй буцах шахдаг, үйлчилгээ муу, үнэтэй гэсэн шүүмжлэл жилээс жилд нэмэгдэж байгаа. Бид нэгэнт “Уул уурхайгүй Хөвсгөл”-ийг бүтээх гэж зорьж байгаа юм бол аялал жуулчлалын бизнесээ илүү өргөжүүлэх ёстой. Одоогоор бид Хөвсгөл нуурынхаа маш бага хэсгийг аялал жуулчлалын салбарт ашиглаж байна. Хөвсгөл нуур үзэх гэж очиж байгаа хүмүүс, Хатгал, холдоо Жанхайн даваа үзээд л буцдаг. Товчхондоо бол Хөвсгөл нуурын яг хоолойн хэсэгт очоод л бөөгнөрч байгаад явж байгаа. Цаашдаа аялал, жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэж тооцож байгаа бол  байгалийн даацыг маш сайн тооцоолох ёстой гэдэг нь эндээс харагддаг. Киргизийн Иссык-Куль гэж нуур бий. Аялал жуулчлалын бүс болгоод нуураа тойруулаад цардмал зам тавьчихсан. Бид ийм жишгээр нуураа тойруулан зам тавих ёстой. Ингээд нуураа бүхэлд нь ашиглаад ирэхээр нуурын ганцхан хэсэгт ирдэг ачаалал багасаж нуур маань аялагч жуулчдад тэгш хүртээмжтэй болоод ирэх юм. Үүнийгээ дагаад аялал жуулчлалын баазууд өргөжин тэлж, орлого ашиг нэмэгдэх боломжтой. Цаашлаад нутаг орны эдийн засагт оруулах хувь нэмэгдэнэ. Байгаль хамгаална гээд засмал зам тавихгүй байх нь нутаг орныг эзэнгүйдүүлчихэж байгаа юм. Эзэнгүй газар байгаль хамгааллын асуудал орхигдоно. Тухайлбал, бид Хатгалаас Ханхын боомт хүртэл зам тавих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Замтай холбоотой бас нэг ярихаас аргагүй нэг зүйл бол Хөвсгөл нуурын цэнгэг, тунгалаг байдлыг алдагдуулж байдаг живсэн техникүүд. Сүүлийн үед техник технологийн хүчин чадал сайжраад нуурын ёроолд байгаа тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажлыг хийж байна. Энэ сайн хэрэг. Гэхдээ цаашид ахин ийм явдал гаргуулахгүйн тулд мөн л засмал зам, дэд бүтцийн асуудал сөхөгдөнө. 
Хөвсгөлчүүд бид л нутгийнхаа нөөц боломжтой, эрх зүйн орчинтой, ийм байгалийн тогтоцтой, зорилго, чадамж гээд бүх зүйлээ мэддэг мөн түүнийгээ харуулах зорилго өвөрлөж байгаа болохоор Хөвсгөлийн өдрүүдэд гадна дотнын бүх л хүн, хүндэт зочноор оролцож болно. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.