2024 оны 10 сарын 09
Мэдээ, мэдээлэл
Лу.Гантөмөр: "Ардчилсан намын байр суурь нэг л байгаа. Ардчилсан намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор хүргүүлсэн"

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: "Ардчилсан намын байр суурь нэг л байгаа. Ардчилсан намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан" гэх албан ёсны байр суурь илэрхийллээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, Ардчилсан нам 9 дэх удаагийн ардчилсан сонгуульд ороход бэлэн байгаа. Бид сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Хуулийн хугацаанд буюу 05-р сарын 20-ны орой нэр дэвшигчдийнхээ нэрийг зарласан. 2016 оны сонгуульд ялагдал хүлээж, 2020 оны сонгуульд ч мөн ялагдал хүлээж бүлэг байгуулах хэмжээнд арай ядан очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн ялагдсан. Энэ удаагийн сонгууль зөвхөн Ардчилсан намын биш монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль болно гэдгийг дахин тодотгосон юм. 

Ардчилсан нам орон даяар “Бүтэн монгол, бүрэн арчдчилал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн монголын асуудлыг маш нарийн тодорхойлон гаргасан. Монголын хамгийн том асуудал бол авлига. Тийм учраас авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг илгээх нь нийт ард түмний хүсэл болж байна. Түүнээс гадна монголчуудын хамгийн том зовлон бол өрийн дарамт, өрийн эргүүлэг юм. Тиймээс манай намын хамгийн гол зорилго бол “Өрийн дарамт”-аас монголыг чөлөөлөх юм гэдгийг онцлов. 

Нэр дэвшүүлэлтээ эхлээд бид намын гишүүдээсээ асуусан, аймаг дүүргийн намын хороодоосоо асуусан. Дараа нь сонгон шалгаруулах хороо байгуулан дэвшүүлэлтээ хийсэн. Тойрог дээр өрсөлдөж чадахуйц хүмүүсээ тойрог руу нь бүрэн илгээхийг хүссэн. Ард түмэн нэг л зүйлийг хэлж байна. Бидний тулгамдаад байгаа асуудлуудыг 8 жилийн хугацаанд огт шийдсэнгүй гэж байна. Ялагдаагүй ерөнхийлөгч гэж бид үзэж байгаа МУ-ын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлж байгаа, хэлмэгдсэн ерөнхий сайд гэж Н.Алтанхуягийг хэлдэг. Түүнийг бид дэвшүүлж байгаа. Хуучин улс төрчид, хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ дийлэнхийг нь хойш суулгасан. Харин тэднээсээ Ардчилсан намаа дэмжиж ажиллахыг хүссэн. Иргэд шинэ залуу нэр дэвшигчдийг хүсэж байгаа учраас залуучуудаа гаргаж ирсэн. Манай намын 102 нэр дэвшигч нь цоо шинэ хүмүүс байна. Бид тодорхой шийдэл, тодорхой туршлагаас гадна ард түмнийг итгэлийг авч чадах шонхруудыг, салбар, салбарын төлөөллүүдийг энэ сонгуулиар дэвшүүлж буйгаа онцлов. 

“ Монголын хамгийн том асуудал бол авлига. Тийм учраас авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг илгээх нь нийт ард түмний хүсэл болж байна.”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ҮБХ-ны тэргүүлэгч О.Цогтгэрэл: Монгол Улсын Их хурлын 9 дэх удаагийн сонгууль явагдах гэж байна. Ардчилал бол хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт эдийн засаг, чөлөөт, шударга сонгуулийн тогтолцооноос бүрэлддэг. Сонгууль бол төрөө сонгох үйл явцын чухал хэсэг гэдгийг онцлон Ардчилсан намын хувьд ил тод, нээлттэй тогтолцооныхоо хүрээнд өнгөрсөн жилүүдэд олон олон асуудлыг шийдлээ. Энэ удаагийн Сонгууль холимог тогтолцоо, бүсчилсэн тойргоор явагдах болсонтой холбогдуулан 126 нэр дэвшигчээ албан ёсоор тодруулснаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нэр дэвшилт дээр тодорхой хэмжээний асуудал гарсан. Өнгөрсөн жил 108 уулзалт, он гараад нийт 85 уулзалт хийсэн. Уулзалтын үеэр иргэд нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлэхийг хүсэж, захисан. Би хариуд нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүмүүсийг дэвшүүлнэ гэдгээ илэрхийлсэн. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар: Ардчилсан намын ҮБХ-ны хурлыг цахим орчинд янз бүрийн байр сууриар илэрхийлж байна. Яг үнэндээ Монголын ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Бидний боломжийг хулгайлсан авлигачдаасаа салгах тэр хүчийг гаргаж ирээч ээ гэдгийг иргэд хүсэж байна. 

Монголын ардчилсан тогтолцоог бэхжүүлж чадах хүчин бол Ардчилсан нам гэдгийг онцлон Нэр дэвшигчдийг тодруулах ҮБХ-ны хурал шударга мэтгэлцээн дунд үргэлжилсэн гэв. Эрүүл өрсөлдөөн дундаас нэр дэвшигчид тодорсон тулд АН-ын ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр, шударга болсон гэдгийг дахин илэрхийллээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.