2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ, ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, 2024-5-01-ны ӨДӨР УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА.
 
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
Хууль зүйн үндэслэл болон практик шаардлагыг харгалзан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 2024 оны 05 сарын 01-ний өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүллээ.
Хууль батлагдсанаар хүлээгдэж буй үр дүн:
-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт хэрэгжиж, хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ;
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ.
ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, үйл ажиллагаа идэвхжихийн хирээр төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, хог хаягдал, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх зэрэг олон сөрөг асуудлын улмаас нийслэл хотын эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч, иргэдийн ая тухтай амьдрах эрх зөрчигдөж байгаа тул дээрх асуудлуудыг шийдвэрлэх, тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, дэд бүтцийг тэлэх, дагуул хотуудыг байгуулах, түүний дотроос эн тэргүүнд “Шинэ Зуунмод хот”-ыг байгуулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Хууль батлагдсанаар хүлээгдэж буй үр дүн:
-Нийслэл хотын төвлөрлийг задалж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангана;
-орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, бүтээн байгууллалтын үйл ажиллагааны журам, зохицуулалт тодорхой болно;
-дагуул хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ;
-нийслэл хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, орон сууцны хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ;
Мөн, өнөөдөр /2024-05-01/ АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Энэхүү Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталснаар “Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй үйлдвэрийг шуурхай ашиглалтад оруулахын тулд түүхий эдээр хангах зорилгоор ирээдүйд боловсруулах газрын тосны хайгуул хийх, олборлох ажлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.