2024 оны 11 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив!

Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж, 1072 ширэг хувьцаа эзэмшигчдэд 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах болсон “баярт мэдээ” дуулгаснаас хойш зургаан сарын хугацаанд иргэд ёстой л “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оноос ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд гаруй төгрөгийг түүхэндээ анх удаа иргэдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, тавдугаар сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшдэг 2.5 сая хүнд ногдол ашгийг дансаар нь дамжуулж олгохоо зарлаж байв.

Гэвч сонгууль ч дуусч, иргэдэд тараах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны чимээ ч сонсогдохоо болив.

Энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс-Тавантолгой” ногдол ашгаа гаргаад бүх хүн рүү хуваарилах хэмжээний мөнгө төвлөрүүлж өгөх ёстой. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байна. Сангийн яамнаас энэ мөнгийг төвлөрүүл гэдэг шаардлагыг дөрөвдүгээр сараас эхлээд тус компанид тавьсан. 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах ажил Сангийн яамтай огт холбоогүй зүйл. Улсын төсвөөс олгогддог мөнгийг Сангийн яам хариуцна. Олсон ашгаасаа олгож байгаа мөнгийг тухайн аж ахуйн нэгж төвлөрүүлэх учиртай” гэсэн тайлбар хэлсэн.

Гэвч Ч.Хүрэлбаатар сайдын өгсөн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргалын хэлсэн тайлбар хоорондоо зөрчилдөж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н хэлтсийн дарга Т.Золжаргалын тайлбарласнаар хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсэн, бүртгэл нь бэлэн болсон иргэдийн ногдол ашгийн төлбөрийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү 100 тэрбум төгрөг шилжүүлжээ.

2,5 сая иргэн бол 1072 хувьцаа эзэмшигчийн нийт тоо. 2012 оноос хойш нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан, гадаадад амьдардаг иргэдийг хасвал энэ тоо багагүй буурна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн мэдээллээр нийт 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэдээс 1,6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэж, 856 мянган иргэн нээлгээгүй байна. Хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 700 мянга нь банкны дансаа баталгаажуулжээ.  Эдгээр иргэдийн ногдол ашгийг тооцвол 48.5 тэрбум төгрөг болж байна. Мэдээлэл нь баталгаажсан 700 мянган иргэн дунджаар 850 ширхэг хувьцаатай гэвэл 1,6 сая иргэний ногдол ашгийн төлбөрт 110 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.

Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой”-н шилжүүлсэн 100 тэрбум төгрөг хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн ногдол ашгийг өгөхөд хангалттай хүрэлцэнэ.

Гэтэл  Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэс-Тавантолгой" бүх хүн рүү хуваарилах хэмжээний мөнгө төвлөрүүлж өгөх ёстой. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байна” гэсэн нь мэдэн будилав уу, мэдэн мэлзэв үү. Түүний тайлбар иргэдийн ногдол ашгийг эрх баригчид сонгуульд ашиглачихжээ гэсэн эргэлзээ, хардлага төрүүлж буй нь үнэн. Иймээс Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив!

“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд хамгийн ашигтай ажиллаж буй үндэсний том компани болсон. 2017 онд 471 тэрбум, 2018 онд 807 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. 2018 оны цэвэр ашиг болох 807 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийг чиглэл болгосны дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар  Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын баригдсанаар “Улаанбаатар төмөр зам”-ын таваарын тээвэр 20-30 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсныг Путины “элч” А.В.Гордеевт Х.Баттулга Ерөнхийлөгч бахархалтайгаар танилцуулж байсан билээ. “УБТЗ” нийгэмлэгийн 50 хувийг оросууд эзэмшдэг болохоор тэр.

Өмнө нь эрх баригчид “Эрдэнэт”-ийг саалийн үнээ гэж хардаг байсан бол өдгөө “Эрдэнэс Тавантолгой” бас нэмэгджээ. Эцэст нь, Сангийн сайдаар энгийн математикийн бодлого бодуулъя. “Эрдэнэс Тавантолгой” гэх  саалийн үнээний саасан сүүг нь хэн уусан бэ, хэлж өгнө үү!  Иргэдийн хувьд “бодоод бодоод, бодын шийр дөрөв болчхоод байна".

"Болор дуран"-аар шалгав.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.