Д.Сумъяабазар: Сүүлийн өдрүүдэд миний нэрийг барьж, улс төрийн элдэв хэрүүл, “нүүрсний хэрэг”-тэй холбон ярих явдал хэрээс хэтэрлээ
Хотын дарга асан Х.Нямбаатар "Бодь интернэйшнл"-тэй холбоотой лайв хийх үеэрээ Хотын дарга асан Д.Сумъябазарын нэрийг дурьсан удаатай. Тэгвэл Д.Сумъяабазар энэ тухай өөрийн цахим хуудастаа дараах байрь суурийг илэрхийлжээ. "Сүүлийн өдрүүдэд миний нэрийг барьж, улс төрийн элдэв хэрүүл, “нүүрсний хэрэг”-тэй холбон ярих явдал хэрээс хэтэрлээ.
Би та нарыг улс төрд хөл тавихад дэмжиж, боломжийн хэрээр тусалж явснаас гай болж, замд чинь саад болж явсан түүх үгүй. Ах хүний хувьд дэм болж явсан болохоос хэн нэгний буруу үйлдлийн хамсаатан болж явсангүй.
Өнөөдөр өөрсдийнхөө улс төрийн зөрчил, асуудлыг шийдэх гэж миний нэрийг барьж, нэр хүндийг минь сэвтээх гэж байгаа бол боль. Намайг дуугүй байлаа гээд хүссэнээрээ гүтгэж, улс төрийнхөө хэрүүлд хутгаж болно гэж бодож болохгүй.
Сайд байхдаа стратегийн том ордуудыг олон улсын бирж дээр гаргаж, хяналттай, олон улсын аудиттай болгох гэж зүтгэж явснаас биш наад заваан авилгын асуудалд чинь огт оролцож явсангүй. Харин ч тэр ажлыг зогсоосны гор нь одоо гарч, бүгдээрээ янз бүрийн нэр хоч, авилгын мөнгөн дүнтэй холбогдоод байгаагаа өөрсдөө сайн бодоорой

Намайг дэмжиж байхад “ахаа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү.
Улс төрийн ажлаа улс төрийнхөө талбарт хий. Хэрэг, асуудал байгаа бол өөрсдөө хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа буугаад гадаад дотоодгүй өөрсдөө шалгуулах зүйлээ шалгуул

Ах зах, хүн чанар, ёс жудаг гэдэг албан тушаал дагаж өөрчлөгддөг зүйл биш шүү, дүү нар аа!
Миний нэрийг улс төрийн явцуу тэмцэлдээ ашиглахаа зогсоо" хэмээн мэдэгдэв.
24news.mn